top banner
Шуурхай мэдээ

Өмнө нь дэлгэж байгаагүй XIX зуунд холбогдох хангал бурхадын сор бүтээлийг дэлгэв


2017-05-18 15:46:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын олон талт үйл ажиллагаа явуулдаг Олон улсын музейн 40 дэх жилийн тэмдэглэлт өдөр өнөөдөр тохиож байна. Эл өдрийг тохиолдуулан Дүрслэх урлагийн музей арвин сан хөмрөгөөсөө үзэгчид, судлаачдад зориулсан “Арван хангал” цуврал үзэсгэлэнгийн 5 дахь буюу “Догшидын аврал” үзэсгэлэнг нээлээ.

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захирал У.Сарантуяа хэлэхдээ, “Монголд бурханы шашин дэлгэрснээр монгол хүн бурхадын хөргийг ур ухаанаа шингээн, дүрслэх урлагийн бүхий л төрлөөр бүтээж, өв уламжлуулан, нандигнан хадгалж тахин шүтсээр ирсэн. Эдгээр өв сан нь өдгөө бидний мэлмий, оюуныг баясган, бахархал бахдлыг төрүүлсээр байна. Энэ удаа музейн сан хөмрөгт хадгалж байгаа шашныг хамгаалагч  хангал бурхадыг олон нийтэд дэлгэн үзүүлж байна” гэв.



Бурханы шашинд “Арван хангал” гэж алдаршсан Жигжид, Очирваань, Гомбо Чагдугба, Цагаан махгал, Дамдинчойжил, Балданлхам, Шалши, Намсрай, Жамсран, Цамба хэмээх агуу чадалтай, хилэнт дүртэй бурхад байдаг.

Энэ удаагийн үзэсгэлэнд тус музей сан хөмрөгөөсөө өмнө гаргаж байгаагүй хангал бурхад болох Дамдин Чойжоо буюу Эрлэг Номун хаан, Цамба, Шалши, Махгал бурхадын дүрслэх урлагийн олон төрлөөр бүтээн туурвисан сор бүтээлийг дэлгэжээ.  

Эдгээр нь XIX зуунд холбогдох бөгөөд ихэнх нь нэр нь үл мэдэгдэх урчуудын 100 гаруй бүтээлээс бүрдэж байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож буй үзмэрийн гэрэл зургийг бүрэн хэмжээгээр багтаасан өмнөтгөл, тайлбар бүхий каталоги хэвлүүлэн уншигчдад хүргэж буй юм.

Дөрвөн сахиус нь Монголчуудын дунд өргөн түгэн дэлгэрсэн бөгөөд Үхлийн бурхан гэж алдаршсан Дамдин Чойжоо болон Шалши, Цамба, Махгал тэргүүтэнг шашныг хамгаалагч сахиус хэмээн шүтэж иржээ. 

Догшин сахиусууд бурханы шашинд тэрслэгч ад зэтгэр, дайсан тотгорыг дарах утга бэлгэдлээр чойжин сахиусуудыг хамгийн сүрлэг аймшигтай, хохимой толгой хэлхэж хүзүүндээ зүүсэн, цус савируулсан, хүн амьтныг гишгэсэн догшин дүртэй бүтээдэг. Гэхдээ догшин дүрт бурхадын зэр зэвсэг агсаж, хүний эд эрхтнийг тасчин барьсан дүр дүрслэл нь шашны номд тэрслэгч дайснуудыг шууд алж устгахыг номлосон хэрэг бус харин нүгэл хилэнц, ад зэтгэр, гай зовлон, чөтгөр шулмас зэрэг буян номын үйлсэд харшлагч бодитой болоод бодитой бус бүх саад тотгоруудыг даран устгахыг илэрхийлсэн бэлгэдэл дүрслэл болно гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна.

Тус үзэсгэлэн сарын турш олон нийтийн хүртээл болно.

Ж.Болор

Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд