top banner
Шуурхай мэдээ

Хятад улс түүхэнд анх удаа “шатдаг мөс” олборложээ


2017-05-18 16:10:37
Зураг
БЭЭЖИН. /TASS/. Хятадын нефть олборлогчид түүхэнд анх удаа Өмнөд Хятадын тэнгисийн ёроолоос “шатдаг мөс” олборложээ. “Шатдаг мөс” гэдэг нь өндөр даралт болон нам температурын нөлөөгөөр талст бодис болон хувирсан ус ба байгалийн хийн нэгдэл юм. Энэ тухай Хятадын Төв телевиз тус улсын Газар болон байгалийн нөөцийн яамны мэдээллийг иш татан уламжиллаа.

“Энэхүү ашигт малтмалыг бид амжилттай олборлож чадсан нь энэ чиглэлээр онолын болон технологийн түвшинд Хятад улс асар том дэвшилд хүрчээ гэдгийг харууллаа” гэж тус яамны Геологийн судалгааны газрын орлогч дарга Ли Зиньфа дүгнэн хэлжээ.

Энэ бол АНУ-д занарын хувьсгал болсонтой дүйцэхээр том үйл явдал бөгөөд эрчим хүчний салбарт ирээдүйд томоохон өөрчлөлт гарна гэдгийг тэрбээр онцлон дурдлаа.

“Шатдаг мөс”-ний дээжийг Хонконгийн эргээс 285 км-ийн зайд орших газраас 1200 м-ийн гүнээс олборлон авсан байна. Төслийн багийнхны ярьснаар, 1 шоо.м “шатдаг мөс” нь 160 шоо.м байгалийн хийтэй тэнцэх аж. Жишээлбэл, газаар явдаг автомашин нь 100 л хийгээр 300 км замыг туулдаг бол 100 л “шатдаг мөс”-өөр 50 мянган км замыг туулах гэнэ.  

Хятадын Геологийн судалгааны удирдах газрын ерөнхий инженер Е Зяньлан-ы ярьснаар, одоогийн байдлаар 100 мянган шоо.м “шатамхай мөс” /метаны агууламж 99,5 хувь/ олборлоод байгаа бөгөөд ингэснээр анх тавьсан зорилтдоо хүрч чаджээ.

Одоогоор Канад, Япон зэрэг орнууд ийм төсөл хэрэгжүүлж байгаа боловч одоохондоо амжилт олоогүй байна.

Х.Сарнай 

Сурталчилгаа
Монгол брэнд