top banner
Шуурхай мэдээ

Завханы 230 орчим малчин хоршоогоор дамжуулан түүхий эдээ борлуулжээ


2017-05-18 18:27:19
Завхан/МОНЦАМЭ/ Завхан аймгийн 24 сумын малчид хоршоогоор дамжуулан түүхий эдээ борлуулж байна.
Тодруулбал өнгөрсөн жил аймгийн бүх суманд түүхий эд бэлтгэх хоршоог байгуулж биржийн худалдаанд оролцуулах, бүтээгдэхүүний үнэ ханшийг тогтвортой байлгах Завхан сүлжээ-г бий болгосон ажээ. Энэхүү сүлжээгээр дамжуулан Завханы малчид малын арьс хөрс, ноос, ноолуур, махыг ченж нарын дурын ханшаар бус тогтсон ханшаар гэрээлэн борлуулж байна.
Урьд нь ченж нарын үгсэн хуйвалдсанаар зах зээлийн ханшаас бага үнээр түүхий эдээ худалддаг байсан аж. Тэгвэл хоршоогоор дамжуулан малчид түүхий эдийнхээ үнэ ханшийг буулгахгүйгээр зах зээлийн ханштай ижил нөхцөлд тогтсон хугацаандаа өгдөг болсон байна. Өнөөдрийн байдлаар 24 сумын сүлжээ хоршоогоор нийт 230 орчим малчин малынхаа түүхий эдийг борлуулжээ.
Дашрамд улсын хэмжээнд зохион байгуулагдсан "Хөдөөг хоршоолох аян"-ы хүрээнд хийгдсэн "Жишиг хоршоо"-гоор Завханы Тэлмэн, Тэс, Сантмаргаз, Нөмрөг, Цагаанчулуут, Шилүүстэй, Яруу сумдын “Тоонот дооно”, “Буян дэлгэрэх маргад”, “Улаан хадны цуурай”, “Тэлмэн хөгжил”, “Шинэ булаг мандал”, “Гүүт булаг”, “Ухаа-Аргалант”, ”Яруу баялаг Эрдэнэ” хоршоод тус тус шалгарсан байна. Эдгээр хоршоодыг түшиглэн хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдэд анхан шатны тордолт, ангилалт хийх цэг байгуулахаар нийт 72.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.
Б.Мягмарсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд