top banner
Шуурхай мэдээ

Завханы оёдолчдын бүтээлээр загварын үзүүлбэр үзүүлнэ


2017-05-18 18:58:24
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Оёдол эсгүүр, гар урлалын холбооны оёдолчид ирэх 7 дугаар сард болох нүүдэлчдийн соёлын наадмаар үзүүлэх бүтээлүүдээ урлаж эхлээд байна.
Холбооны 30 гаруй оёдолчин нүүдэлчдийн соёлын наадмаар үзүүлэх загварын болон, монгол үндэсний 17 төрлийн дээлийг урлаж байна. Тус дээлнүүдийг уран хатгамал, шаглаа, зүү ороох зэрэг монгол үндэсний олон төрлийн хээ угалзаар чимж оёж байгаа ажээ.
Нүүдэлчдийн соёлын наадмаар оёдолчдын шилмэл загвараар загварын үзүүлбэр үзүүлэх бөгөөд үзэсгэлэн худалдааг мөн зохион байгуулах ажээ. Харин гар урлалын бүтээгдэхүүнийг малын түүхий эдээр голлон хийж байгаа бөгөөд тус наадмын онцлогт тохируулан урлаж байна.
Тус холбоо аймгийнхаа энд тэнд  нэг хоёроор үйл ажиллагаа явуулдаг оёдлын салон, хувь хүмүүсийг нэгтгэн нэг үзэл бодол, нэг үйл ажиллагаагаар нийт оёдолчдын эрх ашиг, бүтээлийн борлуулалт, зуучлалын үйл ажиллагааг явуулж байна. Өдгөө тус холбоо 70 орчим оёдолчин, гар урлаачдыг эгнээндээ нэгтгэжээ. Эднийхэн Завханы 90 жилийн ойн урлаг соёлын хувцас, албан газруудын ажлын хувцас, нэгдүгээр ангийн сурагчдын дүрэмт хувцас  зэрэг томоохон ажлуудыг амжилттай хийсэн туршлагатай. Өнөөдрийн байдлаар аймгийнхаа 13 сумд салбараа байгуулаад байна.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд