top banner
Шуурхай мэдээ

Л.Лхагважавын нэрэмжит Эх хэлний олимпиадад 900 гаруй сурагч оролцжээ


2017-05-18 19:35:58
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Завханы Идэр сумд ахмад багш, АБТА Лутын Лхагважавын нэрэмжит "Эх хэлний их сорилго 2017" наадам амжилттай болж өнгөрлөө.
Энэ жил тус наадам “Багш дор мөргөмүү” уриан дор зургаан төрлөөр зохион байгуулагдаж багш, суралцагчид эх хэлний мэдлэг чадвар, оюун ухаанаараа өрсөлдлөө.
Олимпиадад Завхан, Дундговь, Хөвсгөл, Увс, Говь-Алтай, Орхон, Булган, Ховд аймгууд,  Улаанбаатар хотын нийт 47 сургуулийн 36 баг оролцжээ.  Үүнээс тавдугаар  ангийн 95, зургадугаар ангийн 71, долдугаар ангийн 68, наймдугаар ангийн 76,  9-р ангийн 65,  10-р ангийн 42, 11-р ангийн 65, 12-р ангийн 75 сурагч тус тус оролцсон байна.
Харин “Яруу сэтгэе” шүлгийн уралдаанд 173 сурагч, эсээ бичлэгийн уралдаанд 203 сурагч, мэргэжлийн багш нарын төрөлд 60 багш, бага ангийн багш нарын төрөлд 51 багш, зөв цэвэр бичгийн төрөлд 100 багш нийт 936 сурагч, 211 багш оролцсон байна. Олимпиадын ерөнхий зохион байгуулагчаар эх хэлний боловсрол, соёлыг дэмжигч “Үлэмж эгшиглэн” сан, Идэр сумын Бүрэн дунд сургууль ажиллаж эх хэлний сорилгын сэдвийг Улаанбаатар хотод урьдчилан боловсруулж битүүмжлэн олимпиадын дүнг хэл бичгийн ухааны эрдэмтэн судлаач, багш нараас бүрдсэн шүүгчдийн баг шүүн явуулсан ажээ.
Б.Мягмарсүрэн

Сурталчилгаа
Монгол брэнд