top banner
Шуурхай мэдээ

Нүүрсний үнэ нэмэгдсэний ачаар Монголын эдийн засаг 4.2 хувиар өсөв


2017-05-19 09:08:34
Зураг
НЬЮ-ЙОРК. /Reuters/. 2016 онд дөнгөж нэг хувиар өссөн Монголын эдийн засаг энэ оны эхний улиралд 4.2 хувийн өсөлттэй гарлаа.  
 
Үндэсний статистикийн газрын энэхүү мэдээ нь гадаад өрийн хүнд дарамттай, үндэсний валютын ханш нь унасан, хамгийн том түнш болох Хятадтай хийж буй худалдаа зогсонги байдалд орсон зэргээс шалтгаалан эдийн засгийн хямралд ороод байсан эрдэс баялгаас хамааралтай тус улсын хувьд дахин сэргэх дохио байж мэдэх юм.   

“World Economics” сэтгүүлд Лондонд төвтэй судалгааны групп дүгнэлт хийснийг үзвэл “Монголын тэргүүлэх эдийн засаг өсч эхэлж байна, гурван жилийн турш эдийн засаг хумигдсаны дараа эргэн сэргэх дүр зураг ажиглагдаж байна” гэжээ.
 
Орлогын гол эх үүсвэр болоод байгаа нүүрсний үнэ өссөн нь оны эхний улиралд эдийн засаг  өсөхөд шууд нөлөөлсөн байна. Хятадын гаалийн байгууллагын мэдээлэлд дурдсанаар, Монголын нүүрсний дундаж үнэ өмнөх онд 28.60 доллар байсантай харьцуулахад энэ оны 3 дугаар сард 62.37  доллар болж өссөн байна.
 
Монголын үнэт цаасны тэргүүлэгч компаниудын нэг болох "Ард Капитал" группын гүйцэтгэх захирал Б.Өлзийбаярын дүгнэн хэлснээр, нүүрсний үнийн өсөлт нь “эдийн засгийн өсөлтийн үндсэн гол хүчин зүйл нь болсон” байна. “Газрын тос, зэс зэрэг уул уурхайн бүтээгдэхүүний олборлолт тодорхой хэмжээгээр буурсан боловч нүүрсний олборлолт хоёр дахин, төмрийн хүдрийнх гурав дахин өссөн” гэж Б.Өлзийбаяр хэллээ.
 
2017 оны эхний дөрвөн сард нүүрсний экспорт өнгөрсөн оныхтой харьцуулахад бараг тав дахин өсч 769.8 сая долларт хүрсэн нь экспортын нийт орлогын 40 хувийг бүрдүүлж байна гэж статистикийн газар мэдээлсэн юм. 2016 онд 25 хувиар унаад байсан монгол төгрөгийн ханш эхний улиралд ам.доллартай харьцуулахад 3 хувиар чангарсан байна. Гэсэн хэдий ч эдийн засгийн хүндрэл 6 дугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл Монголд үргэлжлэх нь. 2016 оны 1.1 хувьтай харьцуулахад энэ оны 3 дугаар сарын сүүлийн байдлаар инфляцийн түвшин 3.4 хувьтай байна.
 
Ажилгүйдэл өнгөрсөн оны 8.6 хувиас өсч 9.1 хувьд хүрсэн байна. Эдийн засгийн өсөлт энэ жил 1.5-2.5 хувьтай байна гэж Монголын Засгийн газар үзэж байгаа бол Азийн Хөгжлийн банк 2.5 хувь гэж таамагласан байна. Харин Дэлхийн банк болон Олон улсын валютын сан /ОУВС/ 0.2 хувьтай байна гэж урьдчилан тооцоолжээ.

ОУВС-гийн зөвлөл энэ сард 5.5 тэрбум долларын тусламжийг Монголд үзүүлэх шийдвэрээ гаргана гэсэн хүлээлттэй байна. Энэ шийдвэр нь гүйлгээгээ Монголын банкуудаар дамжуулан хийхийг зарим компаниудаас шаардсан шинэ хуулийн улмаас саатаад байсан бөгөөд одоо уг хуулийг цуцлаад байгаа юм. /2017.05.17/
 
Х.Сарнай

 
 

Сурталчилгаа
Монгол брэнд