top banner
Шуурхай мэдээ

Улсын баатар Т.Борыг эргэн дурслаа


2017-05-19 09:49:12
Зураг
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт "Олон улсын музейн өдөрт" зориулсан "Монголын их хаад хатад", "БНМАУ-ын баатар Т.Борын түүхэн намтар" үзэсгэлэнгүүдийг гаргалаа. 1932 онд хувьсгалын эсэргүү нарын гарт журмын нөхдийнхөө хамтаар амь алдсан түүнийг нэгэн өдөр ийнхүү эргэн дурссан юм. 
Т.Бор нь Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутаг Дархар нүдэн гэдэг газар 1913 онд төржээ. Тэрээр Дэлгэрхангай уулын хошуу 
тамган дээр бичиг үсгийн түр сургуульд орж амжилттай суралцан 17 насандаа буюу 1930 онд тэр үеийн Богд хаан аймгийн Шанхай уулын хошууны ХЗЭ-ийн үүрийн даргаар сонгосон байна. 

1932 оны хавар хувьсгалын эсэргүү Ганжирваа хувилгаан, түүний хамсаатан Дэл хөнжлийн нутгийн Дэлэгсамба, тэдний гар хөл бологсод нутгийн иргэдийг ятган харь нутагт нүүлгэж байжээ. Тэдний энэхүү үйлдлийг зогсоох даалгавар авсан Т.Бор хэсэг нөхдийн хамт ухуулга хийж яваад Их Шанхайн зүүн хойд арын Гүнзаараг гэдэг газар эсэргүү нарын отоонд орж хүчинд автан баригдсан түүхтэй аж. Тэднийг Лүнгийн хийдэд авч ирж, баян Мөнх-Очир гэгчийн байшинд заримыг нь алдлан хүлж, заримыг нь эсгий дотор зөрүүлж боож хонуулаад байцаан эрүү шүүлт тулган тарчилган зовоож, маргааш өглөө нь эртлэн Цогтцэций сумын нутаг "Тугийн цохио" хэмээх нэг талаасаа налуу, нөгөө тал нь 4метр өндөр цавчим цохион дээрээс буудаж, түлхэн унагаж, дээрээс нь том хад, чулуу нураан хороосон байна. Тэдний дотроос Цогцолын Сайнбаяр хөндий цээжээрээ буудуулан шархдаж, тухайн газраас мөлхөж явсаар Даваа гэгч эмэгтэйн ачаар амьд гарч хувьсгалын эсэргүү нарын харгис үйлийг илчлэн, зоригт эмэгтэй Т.Бор түүний нөхдийн баатарлаг эх оронч, ард түмнийхээ энх амгалан байдлын төлөө тууштай тэмцэгч байсны амьд гэрч болсон ажээ.
МХЗЭ-ийн 50 жилийн ойг тохиолдуулан 1971 онд  БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн зарлигаар "Улсын баатар" цолоор Т.Борыг нэхэн шагнасан байна. Мөн Өмнөговь аймгийн Цогтцэций сумын дунд сургуулийг Т.Борын нэрэмжит болгож сургуулийн урд зоригт эмэгтэйн хөшөөг босгожээ.  Даланзадгадад 1932 оны эсэргүү нарын хэрэг явдлын улмаас амь үрэгдэгсдийн дурсгалд зориулж босгосон өндөрлөгт Т.Борын дүрийг товойлгон нэрийг сийлж алдаршуулсан юм.

Даршрамд сонирхуулахад "Талын цуурай" кинонд Л.Тунгалагийн бүтээсэн дүрээр олон хүн Түвдэнгийн Борыг төсөөлж, хайрлан хүндэлж явдаг билээ. 

Д.Мишигсүрэн



Сурталчилгаа
Монгол брэнд