top banner
Шуурхай мэдээ

Түймэрт өртөж шатсан га талбай өнгөрсөн жилээс буурчээ


2017-05-19 09:57:05
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/ Хаврын хуурайшилтын улирал эхэлсэнтэй холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой, хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх  зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргалаа. 

Уг албан даалгаврын хүрээнд Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.
ОБЕГ-аас “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамж бүхий  арга хэмжээг зохион байгуулан гарсан гал түймрийг хохирол багатай, шуурхай унтраах ажлыг зохион байгуулж байна.

Энэ сарын 16-ны байдлаар нийслэл Улаанбаатар хотод зургаан удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 39 суманд 53 удаа, нийт 59 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 38802,5 гай ой, 26842,5 га хээр, нийт 65645 га талбай түймэрт өртсөн байна.

Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулбал гал түймрийн тоо таван тохиолдлоор буурсан, түймэрт өртөж шатсан га талбай эрс буурсан үзүүлэлттэй байгаа юм. Дээрх 59 удаагийн гал түймрийг унтраахад давхардсан тоогоор Онцгой байдлын байгууллагаас 1048 албан хаагч, 111 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Зэвсэгт хүчний анги, байгууллагаас 10 албан хаагч, 2 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 2182 иргэн, 261 автомашин, 31 мотоцикль дайчлагдан ажиллалаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.

Ж.Батсайхан


Сурталчилгаа
Монгол брэнд