top banner
Шуурхай мэдээ

UNICEF: Асран хамгаалагчгүй хүүхдүүд дүрвэх тохиолдол эрс өсч байна


2017-05-19 10:13:45
Зураг
ЮНИСЕФ./Anadolu/. Өнгөрсөн онд өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хүүхэд асран халамжлагчгүйгээр ганцаараа дүрвэж, цагаачилсан байна гэж НҮБ мэдэгдлээ.

НҮБ-ын Хүүхдийн сан буюу ЮНИСЕФ-ээс өчигдөр гаргасан судалгааны тайланд дурдсанаар, 2015-2016 онд 300 мянга гаруй хүүхэд асран хамгаалагчгүйгээр 80 орчим улсын хилийг давжээ. Энэ нь 2010-2011 оныхтой харьцуулахад тав дахин өссөн тоо юм.

Сири, Өмнөд Судан зэрэг улсад болж буй зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан болон ядуурал, Латин Америкийн мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээс дайжсан хүүхдүүд ажил хийж, сургуульд сурахын тулд олноороо дүрвэж байна гэж ЮНИСЕФ мэдэгдлээ.

Хүүхдүүдийн ихэнх нь хүний наймаачдаас хамааралтай байдаг учир хүчирхийлэл болон мөлжлөгт өртөж байна. 

Уг тайланд нэгэн жишээг дурджээ. 17 настай нигери охин Итали руу явах зардлын мөнгөө олохын тулд биеэ үнэлэхээс өөр аргагүйд хүрчээ.

“Их-7” бүлгийн Дээд хэмжээний уулзалт энэ сарын сүүлчээр Италид болох гэж байгаатай холбогдуулан ЮНИСЕФ дээрх судалгааны тайланг нийтэлсэн байна.

Хүүхдүүдийг дүрвэж дайжихаас өөр аргагүйд хүргэж буй асуудлуудыг шийдвэрлэхийн тулд дорвитой арга хэмжээ авахыг ЮНИСЕФ олон улсын хамтын нийгэмлэгт уриаллаа.
Г.Доржханд
 


Монгол брэнд