top banner
Шуурхай мэдээ

Израилийн Соёлын сайдын өмссөн даашинз улс төрийн шүүмжлэлд өртөв


2017-05-19 11:57:36
Зураг
ТЕЛЬ-АВИВ./ria.ru/. Каннын кино наадмын нээлтэд ирсэн Израилийн Соёлын сайдын өмссөн даашинз нь явган шог яриа, улс төрийн маргаан дэгдэх шалтгаан болжээ.

Улаан хивсэн дээгүүр Израилийн барууны хүчнийхний хамгийн нөлөө бүхий албан тушаалтан болох Мири Регев урт цагаан даашинзтай явсан ба даашинзны хормойг Иерусалимын эртний дурсгалт газруудыг, тэдгээрийн дотор маргаантай байгаа дүүргүүдийг дүрсэлсэн гэрэл зургаар гоёсон байжээ. Израилийн загвар зохион бүтээгч Авиад Херманы энэ гоёлыг сонгож авснаа сайд "Иерусалимыг Израилийн мэдэлд авсны хагас зуун жилийн ойтой" холбон тайлбарлажээ.

“Би энэ түүхэн өдрийг урлаг, хувцасны загварыг ашиглан тэмдэглэж байгаагаараа бахархаж байна” хэмээн М.Регев тайлбарлан хэллээ. Тэрбээр зэвсэгт хүчинд олон жил алба хааж, бригадын генерал болтлоо дэвшсэн бөгөөд дараа нь цэргийн албанаас улс төрд оржээ.

1967 оны Зургаан өдрийн дайны явцад Израиль улс Зүүн Иерусалим, түүний дотор иуд, христ, лалын шашны шүтээнүүд байдаг түүхэн дурсгалт төв дүүргийг Иорданаас булаан эзэлж, улмаар өөртөө хавсарган нэгтгэсэн юм. Израильчууд энэ хотыг өөрийн нийслэл хот гэж зарладаг. Харин Иерусалимыг хавсарган нэгтгэсэн явдлыг дэлхийн олон нийт хүлээн зөвшөөрдөггүй бөгөөд Иерусалимын статусыг палестинчуудтай хэлэлцээ хийх замаар тодорхойлох ёстой гэж үздэг байна. 
О.Барс 
 
 

Сурталчилгаа
Монгол брэнд