top banner
Шуурхай мэдээ

Сувилагч нарын өдрийг тэмдэглэлээ


2017-05-19 12:19:55
Зураг

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилахуйн албанаас жил бүр зохион байгуулдаг “Сувилахуйн алдартан-2017” хүндэтгэлийн цэнгүүн ес дэх жилдээ амжилттай зохион байгуулагдав.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон уг арга хэмжээг нээж Эрүүл мэндийн газрын дарга С.Мөнхтуяа хэлсэн үгэндээ, “Эмнэлэг гэх их айлын хөдөлгөгч хүч эмч биднийхээ баруун гар юм. Ард олныхоо амин дэм нь болсон сувилагч нартаа эрүүл энх аз жаргалын дээдийг хүсье” гэв.

Тэрээр цааш нь хэлэхдээ, “Сувилагч хүн сая төрсөн хүүхдийн уйлах дуунаас эхлээд амьдралын сүүлчийн амьсгал хүртэлх хүний амьдралын бүхий л хугацаанд эрүүл мэндийн тусламж үзүүлэгч, эрүүл мэндийн боловсролын сургагч багш, өвчтөний өмгөөлөгч, халамжлан хүмүүжүүлэгч, дотнын найз болсон эрхэм хүмүүс байдаг” гэсэн юм.
“Сувилахуйн алдартан- 2017” арга хэмжээнд Төв аймгийн 300 гаруй сувилагч оролцож, есөн сувилагчийг алдаршууллаа.

Дэлхийд мөнхөрсөн Английн сувилагч, багш Флоренсе Найтенгелийг сувилахуйн ухааныг үндэслэгч хэмээн үзэж, “Олон улсын сувилагч нарын өдөр”-ийг түүний төрсөн өдөр буюу тавдугаар сарын 12-нд тэмдэглэж байхаар Олон улсын сувилагчийн нийгэмлэгээс тогтоосон байдаг. Манай улс 1995 оноос хойш уг өдрийг тэмдэглэсээр ирсэн ба сувилагчийн ажил мэргэжлийг сурталчлах, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг дэмжих үйл ажиллагаа зохион байгуулдаг юм.
 

Т.Есүхэйтөмөр


Монгол брэнд