top banner
Шуурхай мэдээ

Хахуулийн хэрэгт холбогдсон Бразилын Ерөнхийлөгч огцрохоос татгалзжээ


2017-05-19 13:23:47
Зураг

БРАЗИЛИЯ. /Reuters/.  Бразилын Ерөнхийлөгч Мишель Темер хахууль авсан хэрэгт холбогдоод байгаа хэдий ч огцрохоос татгалзаж байгаагаа мэдэгджээ. 

Тэрбээр пүрэв гарагийн үдээс хойш ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ “Би огцрохгүй, би давтан хэлье, би огцрохгүй” гээд “...Бразилын ард түмний эрх ашгийн үүднээс энэ дуулианыг нэн даруй мөрдөн шалгахыг шаардаж байна” гэжээ.

Орон нутгийн сонинд мэдээлснээр, мах савлах нэгэн томоохон компанийн захирал Ерөнхийлөгч М.Темертэй ярьсан яриагаа бичиж аваад бичлэгээ Дээд шүүхэд өгсөн байна.  Уг  бичлэгт Төлөөлөгчдийн танхимын дарга асан Эдуардо Куняг дуугүй байлгахын тулд түүнд  хахууль өгөх тухай ярьж байгаа нь хадгалагдан үлдсэн аж.

М.Темер “Энэ хэрэг явдалд би оролцоогүй гэдгээ Дээд шүүхэд нотолно. Би огцрохгүй. Би юу хийснээ мэднэ, үйл ажиллагааныхаа зөв зүйтэйг би мэднэ” гэж онцлон хэлсэн байна. 

Тэрбээр цааш нь хэлэхдээ “бичлэг дээр юу байсныг би мэдэхгүй, би Дээд шүүхээс тэдгээр баримтыг үзэхийг зөвшөөрөхийг албан ёсоор хүссэн байгаа. Дээд шүүх хэргийг шуурхай мөрдөн шалгаасай гэж хүсч байна” гэжээ.

Пүрэв гарагт “Petrobras” компанитай холбоотой авлигын хэргийг мөрдөн шалгах ажлыг хариуцаж буй Дээд шүүхийн шүүгч Эдсон Пачин М.Темерийг мөрдөн шалгах захирамж гаргасан байна.

Лхагва гарагийн орой уг мэдээлэл гарсны дараа сөрөг хүчнийхэн М.Темерийг огцрохыг шаарджээ. Үүнтэй зэрэгцэн Сан-Паулу хотод олон мянган бразилчууд гудамжинд гаран ерөнхийлөгчийг огцрохыг шаардан “Fora Temer” /Темер зайл/ гэж хашгирч байлаа.
Х.Сарнай 
 
 

 



Монгол брэнд