top banner
Шуурхай мэдээ

Монгол дахь Энхтайвны Корпус, ЭМЯ Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав


2017-05-19 14:37:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Энхтайвны Корпус /ЭТК/-аас Монгол Улсад шинээр хэрэгжүүлэх эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Монгол дахь ЭТК-ын Орон хариуцсан захирал Жин Никсон нар өнөөдөр гарын үсэг зурлаа.

“Хүүхэд залууст эрүүл, үр бүтээлтэй амьдрах ур чадвар олгох чиглэлээр Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллах шинэ хөтөлбөр хэрэгжүүлэх болсон нь бидний хувьд нэн таатай үйл явдал юм” гэдгийг Монгол дахь ЭТК-ын захирал Жин Никсон хэллээ.

Энэ зун Монгол хэл, соёл, хөтөлбөрийн талаарх бэлтгэл сургалтад хамрахаар ЭТК-ын сайн дурын 15 ажилтан ирнэ. Тэд сургалтаа дүүргэсний дараа орон нутгийн ЕБС-иудад томилогдон, сурагчдад эрүүл зан үйл, амьдрах чадварыг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэх үүргээ гүйцэтгэх юм. 

1991 онд ЭТК Монгол Улсад үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд энэ цагаас хойш 1.225 орчим сайн дурын ажилтан Монгол улсын орон нутгийн болон хүүхэд, залуучуудын хөгжил, эрүүл мэндийн боловсрол, эдийн засгийн хөгжил, англи хэлний боловсрол зэрэг чиглэлээр ажилласан байна.  

Санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд Монгол дахь ЭТК-ын захирлаас гадна АНУ-ын ЭСЯ-ны дэд тэргүүн Мануэл П.Микаллер болон бусад хүндэт зочид оролцов.  

Ж.Болор

Сурталчилгаа
Монгол брэнд