top banner
Шуурхай мэдээ

“Улаанбаатар марафон”-д 17 орны 30 мянган хүн оролцоно


2017-05-19 14:44:59
Жил бүрийн тавдугаар сарын 20-нд Монгол улсын нийслэлд  “Автомашингүй өдөр” тохиодог бөгөөд энэ өдөр хотын захиргаанаас “Улаанбаатар марафон” бүх нийтийн гүйлтийн тэмцээнийг зохион байгуулдаг уламжлалтай билээ.
Эх орондоо гүйлтийн спортыг хөгжүүлэх, нийслэл хотоо дэлхийн улс орнуудад сурталчлах, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх, өсвөр залуу үеийнхэнд өөрийн дотоод нөөц боломжийг нээж зорилгодоо хүрэх тэсвэр хатуужил, бие бялдар, оюун санааны өв тэгш хүмүүжил олгон төлөвшүүлэх зорилготой тус тэмцээнд энэ жил 17 орны 30 мянган хүн оролцохоор бүртгүүлжээ. Марафон гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш Сүхбаатарын талбайд  болно. 
“Улаанбаатар марафон-2017”-г марафон гүйлтээр хичээллэгч болон сонирхогч гэсэн хоёр төрлөөр зохион байгуулах юм. Сонирхогчдын гүйлтийг дөрвөн насны ангиллаар гурван зайд төлөвлөжээ. Үүнд 5,000 метрт 12-17, 18-35, 36-54, 55-аас дээш настай гэж заажээ. Түүнчлэн гэр бүлийн болон, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд 1.5 км-ийн зайд гүйлтийн тэмцээнийг зохион байгуулах юм байна. Энэ жилийн гүйлтэд Кени, Өмнөд Солонгос, Япон улсын хоёр тамирчин менежер болон дасгалжуулагчийн хамт оролцохоор бүртгүүлсний зэрэгцээ Монгол Улсад ажиллаж амьдарч байгаа Орос, Хятад, Япон, Солонгос, Их Британи, Америк, Герман, Казакстан, Чех, Австрали, Унгар, Канад, Филиппин, Шинэ Зеланд, Франц улсын Элчин сайдын яамны ажилтан, тэдгээрийн гэр бүл оролцоно. “Улаанбаатар марафон”-ы эргэн тойронд урлагийн тоглолт, хөгжөөнт уралдаан тэмцээн, унадаг дугуйн парад зэрэг олон үйл ажиллагаа өдрийн турш үргэлжлэх ажээ.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд