top banner

“Залуучуудын бодит оролцоо ба түншлэл” хэлэлцүүлэг боллоо


2017-05-19 15:10:24
Зураг
Ховд/МОНЦАМЭ/ Монголын залуучуудын эвсэл 2015 оноос эхлэн “Монголын залуучуудын өдөр”-ийг тохиолдуулан  “Залуучуудын Иргэний Нийгмийн чуулган”-ыг  жил бүр зохион байгуулж байна. Энэ оны ирэх 08 сарын 25-ны өдөр болох Залуучуудын Иргэний Нийгмийн гуравдугаар чуулган нь “Залуус+ Оролцоо=Түншлэл”  сэдвийн хүрээнд явагдахаар болж НҮБ-ын Залуучуудын хөгжлийн хөтөлбөр хэрэгжиж  буй  зорилтот 11 аймаг 3 дүүргийн  залуучуудтай  уулзаж, гуравдугаар  чуулганыг  угтсан урьдчилсан  хэлэлцүүлэг Ховд аймагт зохион байгуулж байна. 
 
Уг чуулганы урьдчилсан хэлэлцүүлгийг Монголын Залуучуудын Эвсэл, аймгийн Гэр бүл, хүүхэд  Залуучуудын Хөгжлийн Газар, Залуучуудын хөгжлийн Төв хамтран зохион байгуулж, дэмжигч байгууллагаар НҮБ-ын Хүн Амын Сан, Швейцарын Хөгжлийн Агентлаг, Иргэний Боловсролын Төв оролцсон юм.
Чуулганы  урьдчилсан хэлэлцүүлэг “Залуучуудын бодит оролцоо ба түншлэл” сэдвийн хүрээнд Залуу хүн бүрийн эрхэм чанарыг хүндэлдэг, шударга, ялгаварлан гадуурхалгүй, хүний эрхийг дээдэлсэн нийгмийг  бүтээхэд  залуучуудын бодит,  ухаалаг, бүтээлч оролцоог нэмэгдүүлэх, Залуучуудын утга учиртай оролцоо бүхий тогтолцоог төлөвшүүлэх, Орон нутгийн залуучуудын бодит оролцоонд тулгуурлан төр болон иргэний нийгмийн түншлэлийн загварыг  бий болгох зорилготой байлаа.
Хэлэлцүүлэгт 18-34 насны залуучуудын төлөөлөл 50 гаруй хүн оролцож, залуучуудын утга учиртай бодит оролцоо, түншлэлийн талаар шинэ мэдээлэлтэй болсон юм.
Мөн залуучууд өөрт  хамааралтай асуудлаар шийдвэр гаргах түвшинд оролцоход ямар саад бэрхшээл  байгаа талаар, түүнийг хэрхэн шийдвэрлэж болох  тухай ярилцаж, арга замыг тодорхойлж, хувь хүний  туршлагаа хуваалцан санал хүсэлт зөвлөмж боловсруулахад идэвх санаачлагатай бүтээлчээр оролцлоо.
Түүнчлэн аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга Ц.Номинчимэг болон хүүхэд залуучуудын хөгжлийн асуудал  хариуцсан мэргэжилтнүүд, Залуучуудын хөгжлийн төвийн зохицуулагч, нийгмийн ажилтан, амьдрах ухааны багш, Залуучуудын зөвлөлийн гишүүд, дэмжих бүлэг, сонирхлын бүлгийн гишүүд, залуучуудын төрийн бус байгууллагын төлөөлөл нийт 35 хүн хамрагдаж асуудлаа тодорхойлон, харилцан туршлагаа хуваалцаж, мэдээлэл солилцлоо.
А.Бямбасүрэн

Монгол брэнд