top banner

Р.Дутерте Монгол, Турк хоёрыг АСЕАН-д элсүүлж чадах уу?


2017-05-19 15:35:26
Зураг
ДАВАО. /The Diplomat/. Зүүн Өмнөд Азийн улсуудын холбоо буюу АСЕАН-д Монгол Улс болон Турк нэгдэх боломжтой гэж Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте энэ долоо хоногийн мягмар гарагт хэвлэлийн бага хурал хийх үеэрээ хэлсэн нь нэлээд маргаан дагууллаа. 10 гишүүн улс бүхий тус холбоог одоо Филиппин улс даргалж байгаа юм.

Р.Дутертегийн бодлогогүй, дур мэдэн хэлсэн эдгээр үг нь энэ долоо хоногт дэлхийн зарим улс орны хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн гол сэдэв боллоо.

АСЕАН нь Бруней, Индонез, Камбож, Лаос, Малайз, Мьянмар, Филиппин, Сингапур, Таиланд болон Вьетнам гэсэн газарзүйн хувьд Зүүн Өмнөд Азид оршдог 10 улсаас бүрддэг холбоо юм.

Харин Р.Дутерте мягмар гарагт Давао хотноо хэвлэлийн бага хурал хийх үеэрээ “Туркийн Ерөнхийлөгч Режеп Таийп Эрдоган, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нар Бээжинд болсон “Бүс ба Зам” форумын үеэр надтай уулзахдаа АСЕАН-д нэгдэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн” гэж хэлжээ. 

Тэрбээр  цааш нь “тэд АСЕАН-д элсэх хүсэлтэй байна” гэж англи, филиппин хэлээр холин яриад “манайх одоо АСЕАН-ыг даргалж байгаа. Энэ холбоонд нэгдэхэд нь туслахыг тэд надаас хүссэн. Би тэдэнд“Яагаад болохгүй гэж?” хэлсэн” гэжээ.

Түүний энэ мэдэгдэл тэр даруйдаа олны анхааралд өртөж, нэг хэсгийнх нь толгойг эргүүлж, нөгөө хэсэгт нь түгшүүр төрүүлжээ.

Гэхдээ өнгөрсөн оны зургадугаар сард ерөнхийлөгч болохоосоо өмнө гадаад бодлогын тухайд ямар ч мэдлэг туршлагагүй байсан Филиппиний Ерөнхийлөгч Р.Дутерте Өмнөд Хятадын тэнгисийн асуудлаас эхлээд АНУ-Филиппиний харилцаа зэрэг гадаад харилцаатай холбоотой асуудлуудын талаар энэ мэт бодлогогүй мэдэгдлүүдийг нэг бус удаа хийж байсан юм. Иймэрхүү мэдэгдлүүд хийснийхээ дараа тэрбээр ойр орчмын хүмүүсээсээ зөвлөгөө авсны эцэст байр сууриа зөөллөх, ямар нэгэн тайлбар хийх эсвэл бүр хэлсэн үгнээсээ буцахад хүрч байсан билээ.

Тиймээс дээр хэлсэнчлэн, Ерөнхийлөгч Р.Дутерте анх юу гэж хэлснийг анхаарахаасаа илүүтэйгээр Филиппин эцэстээ юу хийж байгааг ажиглаж, анхаарлаа хандуулж байхыг түүний зөвлөхүүдийн зарим нь ажиглагчдад хэлээд эхэлсэн байна.

Хар ухаанаар бодоход, Монгол болон Туркийн аль аль нь Зүүн Өмнөд Азийн бүс нутагт оршдоггүй учир тус хоёр улс АСЕАН-д нэгдэнэ гэдэг бол боломжгүй зүйл.

Монгол болон Туркийн аль аль нь үүнийг сайн мэдэж байгаа. Тиймээс өөрсдийн хамааралгүй бүс нутгийн холбоонд элсэх хүсэлтийг Р.Дутертед тус хоёр улсын эрх баригчид тавьсан байх магадлал тун бага юм.

Энэ хоёр улс АСЕАН-д нэгдэнэ гэдэг нь зөвхөн газарзүйн байршил төдийгүй хууль эрхзүйн талаасаа боломжгүй зүйл.

Газар зүйн байршлын хувьд Зүүн Өмнөд Азийн бүс нутагт хамаарах улсыг л АСЕАН-д элсүүлнэ гэж  2008 оноос хэрэгжиж эхэлсэн АСЕАН-ы дүрмэнд заасан байдаг юм. Энэ нь АСЕАН-д шинээр гишүүн элсүүлэх үндсэн дөрвөн шалгуурын нэг билээ.

Газарзүйн суурь ойлголттой хэн боловч Турк болон Монголыг Зүүн Өмнөд Азийн нэг хэсэг гэж хэзээ ч хэлэхгүй.

Нөгөөтэйгүүр, Бээжинд болсон форумын үеэр Турк болон Монголын удирдагчид Р.Дутертегийн хэлсэн шиг АСЕАН-ы бүрэн эрхт гишүүн болох хүсэлт тавиагүй байх магадлалтай. Тэд зүгээр л тус холбоотой зарим салбарт хамтран ажиллах санал тавьсан байж магадгүй. Тус хоёр улсын аль аль нь хамтран ажиллах саналыг сүүлийн жилүүдэд АСЕАН-д нэг бус удаа тавьж байсан юм.

Энэ бол АСЕАН-ы гишүүн улс орнуудын хүрээнд авч хэлэлцэх асуудал юм. АСЕАН-ы дүрмийн 44 дүгээр зүйлд зааснаар, гишүүн бус оронд салбарын яриа хэлэлцээний түнш, хөгжлийн түнш, тусгай ажиглагч, зочин эсвэл яриа хэлэлцээний түнш  зэрэг албан ёсны статус олгох тухай асуудлыг АСЕАН-ы гишүүн улс орнуудын Гадаад хэргийн сайд нарын уулзалтын явцад хэлэлцэж, шийдвэрлэх боломжтой.

Юутай ч гадаад бодлогын нарийн ширийн асуудлуудаар ойлголт дутмаг гэдгээ Р.Дутерте дэлхий дахинд энэ удаагийн мэдэгдлээрээ дахин нотлон харууллаа гэж Японы нийслэл Токио хотод төвтэй, Ази-Номхон далайн бүс нутгийн улсуудын улс төр, нийгэм ба соёлыг онцлон бичдэг “The Diplomat” сэтгүүлийн Вашингтон хот дахь тоймч Прашант Парамесваран бичжээ. /2017.05.18/

/http://thediplomat.com/2017/05/can-dutertes-philippines-add-turkey-and-mongolia-to-asean/
Г.Доржханд

 

Монгол брэнд