top banner
Шуурхай мэдээ

Хоёр настнууд номын сантай танилцав


2017-05-19 15:40:39
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Цэцэрлэгийн хоёр настны хүүхдүүд аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцлаа. Номын сангийн зүгээс тэднийг хүүхдийн уншлагын танхимд хүлээн авч, өөрсдийнх нь нас сэтгэхүйд тохирсон номоор үйлчилж байна.
Нийтийн номын сангийн хүүхдийн уншлагын танхимд нас насны хүүхдүүдэд зориулагдсан ном, гарын авлагууд байдаг. Хоёр настнуудын хувьд номын сантай танилцаж байгаа нь анхных бөгөөд ихэд сонирхон, баяр хөөрөөр дүүрэн байгааг номын санч болоод багш нар нь хэлж байна. Энэ нь хүүхдийг багаас нь номтой нөхөрлүүлэх, номын ач тусыг ойлгуулах гээд олон талын ач холбогдолтой ажил болж байгааг мөн тэд онцоллоо.
Тэдний насныханд зориулсан хатуу хавтастай эргүүлэхэд хялбар зузаан хуудаснуудтай, тод зурагтай номнуудыг  тараан өгч  хуудас эргүүлэх, номоо зөв барих зэрэг дадлуудыг зааж өгчээ. Учир нь хоёр настнуудын гарын булчин гүйцэд хөгжөөгүй байдаг тул энэ нь нэгэн төрлийн дасгал болдог байна. Мөн номон дээр байгаа дүрс,  өнгийг ялган нэрлүүлдэг байна.
Хүүхдийн уншлагын танхим нь 5000 орчим номтой. Жилд нэг сая гаруй төгрөгөөр шинэ номын баяжилт хийдэг болохоор тэр бүр хүүхдийн хүссэн номуудыг авч чаддаггүй байна. Харин шинэ ном ирсэн тохиолдолд уншигчдын тоо эрс нэмэгддэг гэнэ.
Т. Одончимэг
 

Сурталчилгаа
Монгол брэнд