top banner
Шуурхай мэдээ

Хар тамхи хэрэглэсэн эсэхийг илрүүлэх технологи шаардлагатай байна гэв


2017-05-19 16:02:16
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэхэд олон улсын дэвшилтэт технологи, үнэрч нохой шаардлага байгааг холбогдох байгууллагынхан онцолж байна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” асуулгатай холбогдуулан асуулт асууж хариулт авч байна.
Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт асуулгын хариуг уншиж танилцуулсан бөгөөд “Сүүлийн 10 жилийн судалгаагаар хар, тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг  нийт гэмт хэргийн 0.2 хувийг эзэлж байна. Үүнээс 82 хувь нь Улаанбаатар хотод үйлдэгдсэн байна. Хэрэгт холбогдсон хүмүүсийн 65 хувийг 18-24 насныхан эзэлж байгаа нь хоёр дахин нэмэгдсэн тоо юм. Энэ хэрэгт 66 хүн ял эдэлж, 22 хүн сэжиглэгдэн шалгагдаж байгаа” гэв.
Мөн тэрбээр “Сүүлийн үед хар тамхи мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга  улам нарийсаж, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа,  өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нууж нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газар нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах зэргээр зохион байгуулалттай болсон” гэлээ.
Дараа нь УИХ-ын гишүүд танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, хариулт авч байна. УИХ-ын гишүүн Н.Учрал “Хууль хяналтынхны хамтын ажиллагаа яаж явж байна вэ? Хууль тогтоомжийг нэг мөр хэрэглэж чадаж байна уу” гээд мансууруулах бодисын хэрэглээг соёлын бүх төрлийн үйлчилгээгээр сурталчлахыг хориглох шаардлагатайг тодотгов.

Үүнд ХЗДХ-ийн сайд хариулахдаа “Зохицуулагдаагүй зохицуулалтууд Зөрчил, Эрүүгийн шинэ хуульд тусгасан. Хар тамхи мансууруулах бодистой тэмцэх Үндэсний хөтөлбөр шинээр батлагдаж, хэрэгжихэд бэлэн болсон. Монголд хар тамхи орж ирж байгаа гурван л суваг байна. ОХУ-аас болон БНХАУ, Зүүн өмнөд Азиас хар тамхи орж ирж байна. Энэ гурван сувгийг хаах боломжтой, мөн хөрш хоёр оронтойгоо энэ чиглэлд хатуу тэмцэж, хамтран ажиллаж байгаа” гэсэн бол Ажлын хэсгийн зүгээс “Хар тамхитай тэмцэхэд нэн шаардлагатай байгаа зүйл бол хэрэглэсэн эсэхийг газар дээр нь илрүүлэх төхөөрөмж болоод байна. Биеэс арчдас авч газар дээр нь боломжтой тоног төхөөрөмжийг олон улсад хэрэглэдэг. Харин манай улсад зөвхөн цус, шээсний шинжилгээгээр гаргаж байгаа нь их хугацаа алддаг. Сурталчилгааны хувьд тийм далд хэлбэрээр явж байга нь үнэн. Хамгийн сүүлд SBN телевизээр хар тамхины хэрэглээтэй холбоотой кино гарсан. Бид очиж хариуцлага тооцож, цаашид хамтран сэргийлж ажиллахаар болсон” гэж хариулав.

Мөн ХХЕГ-ын дарга Ц.Сэргэлэн “Хил хяналтаар хязгаарласан болон хориглосон бараа илрүүлж, холбогдох байгууллагад нь хүлээлгэж өгдөг. Энэ хяналтаар хар тамхитай холбоотой олон зөрчил гардаг. Хар тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга нь үнэрч нохойг тусгайлан бэлтгэх явдал юм. Тусгайлан бэлтгэсэн үнэрч нохой хамгийн өндөр үр дүнтэй гэдгийг олон улсын байгууллагууд дүгнэсэн. Гэтэл манай улсад нохой сургахад хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа юм” гэлээ.

Асуулт хариулт үргэлжилж байна. 
Н.Гантуяа

Сурталчилгаа
Монгол брэнд