top banner

Ногоон нуурын эрэг дээр аялал жуулчлалын цогцолбор бааз байгуулна


2017-05-19 19:35:07
Зураг
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Сонгино суманд Ногоон нуурын эрэг дээр Баянцавдан ХХК GREEN LAKE төсөл хэрэгжүүлж аялал жуулчлалын цогцолбор бааз байгуулах гэж байна.
Төслийн зорилго нь Завхан аймагтаа аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн аялал жуулчлалын салбарт шинэ алхам хийх, гадаадын болон дотоодын жуулчдын урсгалыг орон нутагтаа татах зорилготой ажээ. Төслийг иргэн, аж ахуйн нэгжийн сайн дурын хандив тусламж хувь нийлүүлсэн хөрөнгөөр барьж байгуулахаар төлөвлөж байгаа аж. Мөн орон нутгийн удирдлагын тусламж дэмжлэг, сум хөгжүүлэх сангийн зээлд хамрагдах, хөрөнгө оруулалтад хамтран ажиллах иргэн, байгууллагуудыг уриад байгаа ажээ. Өнөөдрийн байдлаар төслийн бэлтгэл ажил ид хийгдэж байна. Тухайлбал энэ онд гадаадын жуулчдад зориулж таван ширхэг монгол гэр энгийн байдлаар барьж тохижуулах, сэргээгдэх эрчим хүчний гэрэлтүүлэг, боловсон ариун цэврийн өрөө, морин аялал хийх хэрэгслүүдийг бэлтгэж байна. Үүнд 15 сая төгрөгийн зардал гаргахаар тооцжээ. Харин төслийн нийт өртөг 210 сая орчим төгрөг байхаар тооцсон байна. Яг одоо төсөл санаачлагч компани нуурыг харж хамгаалах, хоггүй цэвэр байлгах, нуурыг тэжээх урсацыг саадгүй урсаж байхад хараа хяналт тавих ажлыг хийж байна.
Дашрамд Сонгино сум нь Увс аймгийг нийслэл хоттой хатуу хучилттай замаар холбох зам дагуу байрлаж байгаа сум юм.
Б.Мягмарсүрэн

Монгол брэнд