top banner
Шуурхай мэдээ

Вьетнамын эмнэлэгт диализийн эмчилгээ хийлгэсэн 7 өвчтөн амиа алджээ


2017-05-31 14:40:58
Зураг
ХАНОЙ. /ВВС/. Вьетнамын нэгэн эмнэлэгт бөөрний диализийн эмчилгээ хийлгэсэн долоон хүн нас барж, нэг эмэгтэй эрчимт эмчилгээнд оржээ.

Энэ хэрэг даваа гарагт тус улсын нийслэл Ханой хотоос баруун зүгт орших Хаобинь мужийн нэгдсэн эмнэлэгт гарсан байна.

Тус эмнэлэгт бөөрний архаг дутагдалтай 18 өвчтөн диализийн эмчилгээ хийлгэжээ. Эмчилгээ хийлгүүлж байх үед заримд нь өвдөлт мэдрэгдэж, амьсгаа нь давхцаж байжээ.

Даваа гарагийн үдээс хойш зургаан өвчтөн, орой нь нэг өвчтөн нас барсан байна.

Вьетнамын холбогдох албаны хүмүүс энэ хэргийг мөрдөн шалгаж эхэлжээ.

Тус эмнэлгийн захирал Чыонг Кви Даонг телевизээр мэдэгдэл хийхдээ “нас барсан хүмүүсийн ар гэрийнхэн болон Вьетнамын нийт ард иргэдээс уучлал гуйж байна. Ийм хэрэг урьд өмнө нь болж байгаагүй. Бид үнэхээр цочирдлоо” гэжээ.

Үлдсэн 10 хүнийг өөр эмнэлэгт шилжүүлсэн бөгөөд тэдний биеийн байдал тогтвортой байна.

Энэ бол сүүлийн жилүүдэд Вьетнамд эрүүл мэндийн салбарт гарсан хамгийн томоохон хэргүүдийн нэг юм.

Хүмүүс энэ хэргийн улмаас маш их цочирдож, сэтгэл түгшиж байгаагаа нийгмийн сүлжээгээр дамжуулан илэрхийлсээр байна.

Төрөөс санхүүжилттэй болон хувийн хэвшлийн эмнэлгүүдээс бүрдэх Вьетнамын эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хамгийн их анхаарал татсан асуудлуудын нэг нь "өвчтнүүдийн аюулгүй байдал" болоод байна.

Өнгөрсөн оны 12 дугаар сард Ханой хотын нэгэн эмнэлэгт хоёр өвчтөн хагалгааны өмнө мэдээ алдуулалтын улмаас  амиа алдсан аж. 2013 онд тус улсын Куанг Три мужид буруу вакцин хийсний улмаас гурван хүүхдийн аминд хүрсэн хэрэг гарч байжээ.

 
Г.Доржханд




Монгол брэнд