top banner
Шуурхай мэдээ

Дэлхий даяар хорт хавдрын эмчилгээнд 110 тэрбум доллар зарцуулжээ


2017-06-02 11:30:27
Зураг
НЬЮ-ЙОРК. /Anadolu/. Дэлхий даяар хорт хавдрын эмчилгээнд зарцуулж буй мөнгөний хэмжээ 100 тэрбум ам.доллароос давсан тухай пүрэв гарагт нийтэлсэн тайланд дурдсан байна.
 
Дэлхийн эрүүл мэндийн бодлогод дүн шинжилгээ хийдэг QuintilesIMS Institute хүрээлэнгийн тайланг үзвэл, дэлхий даяар хорт хавдрын эмчилгээ болон дагалдах эмчилгээний төлбөрийн хэмжээ 2012 онд 91 тэрбум ам.доллар байсан бол 2016 онд 113 тэрбум ам.доллар болж өсчээ. Энэ мөнгөний 46 хувийг АНУ-д зарцуулсан байна.  

2006-2011 онд эмчилгээний төлбөр жил бүр 4.9 хувиар өсч байсан бол 2011-2016 онд 8.7 хувь болж нэмэгдсэн тухай дээрх тайланд дурджээ. 2021 он гэхэд эмчилгээний нийт төлбөрийн хэмжээ 147 тэрбум ам.доллар болно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна. 

Хорт хавдрын эмчилгээ үр дүнтэй болж, өвчтөнүүдийн амьдрах хугацааг уртасгаж байгаа учраас эмчилгээний төлбөр нэмэгдсээр байгаа ажээ. АНУ-ын  Хүнс, эмийн зохицуулалтын  алба зэрэг дэлхийн тохируулагч агентлагууд 2011 оноос хойш 68 төрлийн хорт хавдрын шинэ эмчилгээг хүлээн зөвшөөрч бүртгэж авсан тухай судалгаанд дурджээ. 

QuintilesIMS Institute хүрээлэнгийн гүйцэтгэх захирал Мюррэй Айткен ярихдаа “Хорт хавдрын эмчилгээний шинэ аргууд, хорт хавдраас урьдчилан сэргийлэх мэдлэг мэдээлэл, эрт үед нь илрүүлж оношлох боломжтой болсон зэргээс шалтгаалан эмчилгээний үр дүн илт сайжирсан бөгөөд өнгөрсөн хэдэн жилийн хугацаанд гол гол хорт хавдруудаас үүдэн нас барсан тохиолдлын тоо буурсан” гэлээ. 

Үүний сацуу, тохируулагч агентлагууд ч хорт хавдрын эсрэг эмийг худалдаанд гаргах хугацааг богиносгон наашлуулж болгож байна. Эмийн компаниуд шинээр гаргаж авсан эмэндээ патент авахын тулд 2013 онд 10.25 жил хүлээдэг байсан бол 2016 онд энэ хугацаа 9.8 жил болж богиноссоныг дээрх тайланд дурджээ.

АНУ-ын Хүнс, эмийн зохицуулалтын алба хорт хавдрын эмийг шинээр гаргаж авах, мөн туршин шалгах хугацааг богиносгох тухай шийдвэрийг 2012 онд гаргасан нь эмийн компаниудад таатай боломжийг бүрдүүлнэ гэж шинжээчид дүгнэж байна. 
Х.Сарнай

 


Монгол брэнд