top banner
Шуурхай мэдээ

Суулгалтаар хүүхэд нас барах нь 30 гаруй хувиар буурчээ


2017-06-02 18:30:33
Зураг
ЖЕНЕВ. /Xinhua/. Дэлхийн хэмжээнд 2005-аас 2015 оны хооронд суулгалт өвчнөөр нас барсан хүүхдүүдийн тоо гуравны нэг хувиар буюу 34 хувиар буурсан гэж судлаачид мэдэгдлээ.

“The Lancet” сэтгүүлд нийтэлсэн судалгааны тайлангаас үзвэл, цэвэр ус болон ариун цэврийн байгууламжийн хүртээмжийг нэмэгдүүлсэн нь суулгалтаар нас барах эрсдлийг бууруулахад голлон нөлөөлжээ.

Бие нь сулбагар, хоол тэжээлийн дутагдалд орсон буюу тураалтай хүүхдүүд энэ өвчинд илүү өртөмтгий байна.

Суулгалтын шинэ вакцинууд мөн үр дүнгээ өгч байна гэж холбогдох албаны хүмүүс хэлэв.

Гэсэн хэдий ч суулгалт нь хүүхдүүдийн аминд хүрч буй гол шалтгаануудын дөрөвдүгээрт бичигдэж байгаа аж.

Дэлхийн хэмжээнд жилд 500 мянга орчим хүүхэд таван нас хүрэхээсээ өмнө суулгалтаар нас бардаг байна.

Суулгалтын халдвар авсан дийлэнх тохиолдол бүртгэгддэг Сахарын цөлөөс урагш орших Африкийн улсууд хангалттай мэдээлэл өгөөгүй учир энэ өвчнөөр нас барагсдын тоо дээрх үзүүлэлтээс ч өндөр байж болзошгүй.

Суулгалтаар нас барсан тохиолдлуудын 42 хувь нь Нигери ба Энэтхэг улсад бүртгэгджээ.

Энэ өвчнийг үүсгэгч ротавирус нь ялгадсаар бохирдсон усаар дамжин халдварладаг юм.

2015 онд дэлхийн хэмжээнд суулгалтын 2.39 тэрбум тохиолдол, үүний дотор хүүхэд халдвар авсан  957.5 сая тохиолдол бүртгэгджээ.

Халдвар авагсдын 1.3 сая нь нас барсан байна. Нас барагсдын 499 мянга нь хүүхэд байжээ. 

Суулгалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

·       Аюулгүй цэвэр усыг  ундандаа хэрэглэх
·       Эрүүл ахуйн орчныг сайжруулах
·       Гараа савандаж угаах
·       Нялх нярай хүүхдийг  наад зах нь зургаан сарын хугацаанд  эхийн сүүгээр хооллох
·       Хувийн ариун цэвэр болон хүнсий эрүүл ахуйн байдлыг сайтар хангах
·       Халдвар хэрхэн тархдаг талаар хүмүүст мэдээлэл өгөх
·       Ротавирусийн вакцин хийлгэх ... хэрэгтэй.
 
Г.Доржханд

Монгол брэнд