top banner
Шуурхай мэдээ

Өвөр Монголын цэцэрлэгүүд "Биеч монгол ухаан" сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж байна


2017-06-15 05:13:07
Зураг
БАЛГАР ГОЛ. /МОНЦАМЭ/. Хятад болон Монголын сэтгүүлчдийн хамтарсан сурвалжлагын баг зургадугаар сарын 14-ний өдөрӨвөр Монголын ӨЗО-ны Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны 10 цэцэрлэгийн төлөөлөл болсон нэгэн цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. 

87 мянган хүн амтай Баруун үзэмчин хошуу нь албаны 5, хувийн тав нийлсэн 10 цэцэрлэгтэй аж. Бидний очсон цэцэрлэг 14 бүлэгтэй, 628 хүүхэдтэй бөгөөд 14 бүлгийн найман бүлэгт нь монгол хүүхдүүд, зургаад нь хятад хүүхдүүд явж байна.

Тус цэцэрлэг нь сургуулийн өмнөх боловсрол судлалын салбарт шинэчлэл хийсэн Италийн сурган хүмүүжүүлэгч Мариа Монтессоригийн “Сонссоноо би мартчихна
                                                                          Үзсэнээ би цээжилчихнэ
                                                                          Хийснээ би ойлгочихно
                                                                Бодолхийлснээ би бүтээчихнэ ...” гэсэн сургуулийн өмнөх насныханд хэрхэн зөв хүмүүжил олгох тухай сургаалд тулгуурлан “Биеч монгол ухаан” сэдвийн дор сургалт явуулдаг ажээ. Хотжилт эрчимтэй өрнөж буй өнөө цагт хүүхэд багачууд уламжлалт ёс заншил, өв соёлоо мэдэхгүй өсөхөөс сэргийлэх үүднээс бид хүүхдүүдэд монгол ёс заншил, өв уламжлалын талаарх мэдлэгийг олгож, өв соёлоо дээдлэх болон аливаа юманд өөриймсгөөр ханддаг байх ухамсрыг суулгахаар чармайж байна гэж тус цэцэрлэгийн багш Түмэнгэрэл ярив.
 
Тус цэцэрлэг олон төрлийн дугуйлантай. Тухайлбал, тогоочийн дугуйлангийн хүүхдүүдэд хоол хэрхэн хийхийг бодитоор зааж сургадаг байна. Энэ дугуйланд явдаг зургаан настнууд биднийг гарын хоолоороо дайлсан юм.



Цэцэрлэгийн ард “Амь ахуйн цэцэрлэгт хүрээлэн” нэртэй усан оргилууртай, жимсний мод болон өөр олон төрлийн модтой цэцэрлэгт хүрээлэн байна. Энд тус сургуулийн нэгэн багш “Зун цаг” сэдэвтэй зургийн хичээл орж байхтай бид таарав.


Багш ярихдаа “хүүхдүүдэд эх дэлхий, хүрээлэн буй орчноо хэрхэн хайрлан хамгаалах зөв хүмүүжлийг суулгахын тулд бид амьд байгальд зургийн хичээл зааж байна. Цэцэрлэг орчмын моддыг хүүхдүүдээр өөрсдөөр нь услуулдаг. Хүүхдүүд цэцэрлэгтээ цэцэг тарьдаг. Тэр цэцгээ өөрсдөө арчилж тордож ургуулдаг. Ер нь бид хүүхдээр аль болох өөрөөр нь ажил хийж сургахыг чармайдаг. Хүүхдүүд өдөр унтахдаа ороо өөрсдөө засаж, хураадаг. Ариун цэврийн өрөөнд гараа угаасныхаа дараа хүртэл угаалтуураа өөрсдөө арчиж цэвэрлэдэг” гэлээ.

Дашрамд дурдахад,2015 oноос хойш манай улсын Баянзүрх дүүргийн 122 дугаар цэцэрлэгтэй хамтран ажиллаж байгаа тус цэцэрлэгийн хашааны урд эцэг эхчүүд машинаа тавихад зориулсан 400 машины зогсоол бий.

Өвөр Монголын ӨЗО байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан тус  орны “Талын дуу хоолой” радион захирал Баясгалангийн санаачилгаар зохион байгуулж буй “Хөгжилд хөтөлсөн 70 жил” сэдвийн дор Хятад болон Монголын сэтгүүлчид хамтран сурвалжлага хийж байгаа билээ. Хамтарсан сурвалжлага энэ сарын 9-нд эхэлсэн юм. 

Өвөр Монголын ӨЗО-ны ард түмний талаарх элэг нэгт Ар Монголын ахан дүүсийн ойлголтыг нэмэгдүүлэх, энэ орон өв уламжлалаа хадгалан үлдэхийн зэрэгцээ орчин үеийн чиг хандлагатай хэрхэн мөр зэрэгцэж явааг таниулах нь хамтарсан сурвалжлагын гол зорилго билээ.  Энэхүү хамтарсан сурвалжлагын багт Өвөр Монголын талаас “Монгол Одон” телевиз, “Талын дуу хоолой” радио “Солонго” сэтгүүл болон Хятадын олон улсын радио зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагын 10 сэтгүүлч хамрагдаж байгаа бол Монголын талаас үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, МҮОНРТ, Өнөөдөр сонин, Barilga.mn, Fact.mn, UBS телевиз, Өдрийн сонин, TV5 телевиз болон ФМ 107.5 радиогийн 12 сэтгүүлч хамрагдаж байгаа юм.  Шилийн гол аймгийн Зүүн Үзэмчин хошуу бидний дараагийн зогсоол байх болно.

Г.Доржханд

/Өвөр Монголын ӨЗО-ны
Баруун үзэмчин хошуунаас мэдээлэв/

Монгол брэнд