top banner
Шуурхай мэдээ

Дорноговь аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэг Баянбогд хайрхан


2017-06-15 20:13:14
Зураг
Дорноговь /МОНЦАМЭ/.Говийн унаган төрхийг хадгалж үлдсэн, байгалийн өвөрмөц тогтоц бүхий үзэсгэлэнт газрууд Дорноговь аймагт олон бий. Үүний нэг нь тус аймгийн Улаанбадрах сумын төвөөс зүүн хойш 20-иод км газарт уудам хөндийд байх Баянбогд хайрхан. Эл хайрхныг Дорноговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2010 оны 12 дугаар сарын 15-ны тогтоолоор аймгийн байгалийн есөн гайхамшгийн нэгээр баталсан байдаг. Далайн түвшнээс 1О53 метрт өргөгдсөн  Баянбогд уулыг 1997 онд байгалийн нөөц ангиллаар 30 га талбайтайгаар аймгийн тусгай хамгаалалтад авчээ.
Дөрвөн зүгтээ олон модтой сайртай голтой төдийгүй баруун талд буй гурван амыг гурван харанхуй гэнэ. 15-30 метр өндөр хадан хавцал хясаатай. Хойд талд нь шугам татсан мэт битүү шигүү ургасан буйлс хайлаас мод, өвс ургамалтай  амыг их харанхуй гэнэ. Энд төрөл бүрийн могойтой учир догшин  гэлцдэг.
Уулын өндөрлөг тахилгат овооны оройгоос харахад дөрвөн зүг, найман зовхист байгаа бүхэн тод харагддаг аж. Уулын олон хавцал, жалга, сархиаг хадан хавцал нь байшин барилга мэт сүрлэг. Энд төрөл бүрийн хайлаас буйлс, алтан харгана, зээргэнэ, бударга, шаваг, агь таана, агаруу, ганга, гашуун, чихэр өвс, тэсэг, нохой шээрэн, таана, хөмүүл, хар өвс, таван салаа зэрэг эмчилгээний болон төрөл бүрийн шимт ургамал ургадаг.
Бороо хур ихтэй жил хад, жалга бүрт ус тогтон мал амьтан ундаалдаг. Энэ ууланд үнэг, чоно, аргаль, янгир ан амьтан элбэг тул 1960 оноос хойш гадаад дотоодын зочид төлөөлөгчид ан амьтан агнахаар, үзэж сонирхохоор олонтаа ирдэг байжээ. Уулын ойролцоох Хонгор, Бэрх, Салбар, Бага богд, Хавирга Зүрх,Хар овоо, Өндөр- Улаан, Цэцэрлэгийн   уул овоо нь үзэсгэлэн төгөлдөр бөгөөд араатан амьтад, айл мал сүрэг нутаглахад аятай таатай аж. Тиймээс Баянбогд хайрхныг говийн унаган төрхийг хадгалагч  гэж үздэг байна. 
Х.Эрдэнэбулган

Монгол брэнд