top banner

Хамгийн том солир Хэнтий аймгийн музейд хадгалагдаж байна


2017-06-16 09:03:31
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын хэмжээнд олдоод байгаа чулуун солирын хамгийн том нь Хэнтий аймгийн Орон нутаг судлах музейд хадгалагдаж байна. Энэхүү солирыг 1989 онд Хэнтий аймгийн Галшар сум, Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын зааг нутаг болох Зээртийн хөндий хэмээх газраас олжээ. Одоогоор олсон газрын нэрээр Галшар-Түвшинширээ хэмээн нэрлээд байгаа аж. Солирын  Өндөр 79.5 см, өргөн 45-52 см,  жин-550 кг гэнэ.
 
2010 онд химич, профессор Г.Гонгоржав ШУТИС-ийн Дулааны Техник Үйлдвэрийн экологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан,  доктор Б.Цэндээгийн хамт химийн найрлагыг судалж рентгенфлуоресценцийн спектрометрийн физик- хими болон химийн сонгомол аргаар 2 удаа шинжлэн, дүнгийн дунджийг хувиар илэрхийлжээ.
Ингэхдээ уг солирын химийн найрлагын зонхилох хувийг цахиурын оксид (33,93%), нийт төмөр (25,11%), магнийн оксид (21,10%), хоёр валенттай төмрийн оксид (8,68%), хөнгөн цагааны оксид (2,04%), кальцын оксид (1,68%), никель (1,58%), нийт хүхэр (1,26%) тус тус эзэлж байгааг, мөн найрлагын хувьд ОХУ-ын "Маркова", "Одесса", "Полуямки" зэрэг чулуун солируудын химийн найрлагатай дүйж байгааг тогтоон улмаар уг олдворыг манай улсад олдсон хамгийн том чулуун солир болохыг баталжээ.

 
 
Монгол үндэсний хувцас нь хүний гарал угсаа, нутаг ус, нас хүйс, зэрэг дэв, бэл бэнчин, эрхлэх ажил, гэрлэсэн гэрлээгүйг илтгэдэг
 
Хэнтий аймгийн музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэсувдын бэлтгэсэн Халх хувцас, гоёл чимэглэлийн тухай мэдээллийг уншигчдадаа хүргэж байна.

Монгол үндэсний хувцас нь тухайн хүний гарал угсаа, нутаг ус, нас хүйс, зэрэг дэв, бэл бэнчин, эрхлэх ажил, гэрлэсэн гэрлээгүйг илтгэхийн зэрэгцээ улирлын байдал, эрхэлж буй ажил хөдөлмөр, тэр байтугай болох гэж буй үйл явдлыг ч илэрхийлж байдаг онцлогтой. Халх хувцас нь Монгол хувцас, гоёл чимэглэлийн ерөнхий хэв шинжийг тодорхойлдог.


Халх эрэгтэй дээлийг өнгө хоршуулан нэг, хоёр заримдаа гурван үе ташимдан эмжих бөгөөд хантаазыг залуучууд болон албаны хүн өмсөх ба хүрмийг ахмад настан голдуу өмсөнө. Монгол малгай нь бэлгэдлийн олон утгыг агуулдаг. Малгайн бөмбөгөр оройг Сүмбэр уулыг дүрсэлсэн гэх, түүнийг тойрсон 32 ширээсийг Сүмбэр уулыг бүчин суусан 32 Монгол хэмээгээд 32 хөх Монголыг гийгүүлж буй улаан нарны туяа цацран байгаа нь оройгоос унжсан улаан залаа гэж тайлбарлана. Халх эрчүүд тоорцог, хилэн малгай, лоовууз, юүдэн зэрэг олон янзын малгай өмсөнө.

Халх эхнэр хүн түнтгэр мөр, урт ханцуйтай дээлийг гол төлөв тод өнгийн торгоор хийж өмсдөг, дээлийн гадуур давхар өмсөх “ууж” хэмээх өмсгөлтэй байжээ. Халх эхнэрүүд дээлийнхээ ханцуйг гол төлөв хоргойгоор хийдэг. Эхнэр хүний дээл нь ханцуйны уг мөрний залгаасаараа дээш илүү гарсан түнтгэр мөртэй байдаг. Мөн дээлийн хормойн хоёр хажуу талд оноо гаргаж, энгэр, хормойг тойруулан хэдэн үе эрээн туузаар эмжсэн байдаг. Дээлийн нударга хийх эд нь голдуу цэнхэр, хөх, хөх цэнхэр өнгөтэй. Эхнэр дээлний нударганы хэлбэрийг цомбон туурай, дэлбэн туурай хэмээн ялгадаг бөгөөд залуу хүмүүс цомбон, настай хүмүүс дэлбэн нударга хэрэглэнэ. Эхнэр дээлийн гадуур өмсөх ууж нь ханцуйгүй, энгэр нь тууш задгай өмсгөл юм. Уужны урт дээлийн урттай тэнцүү, оноо нь дээлийнхээс ялигүй богино байдаг. Уужийг гоёлын болон энгийн гэж ялгахаас гадна цээж ууж, урт ууж гэж хоёр янзаар хийдэг. Ууж нь гэрийн эзэгтэйн ёслол, хүндэтгэлийн өмсгөл болдог юм. Халх эхнэрийн гоёл чимэглэлд “толгойн боолт”, “үсний гэр”, “үсний хавчаар”, “энгэрийн гуу”, “хүзүүний зүүлт”, “ээмэг”, “бөгж” тэргүүтэн алт, мөнгө, шүр сувдан эдлэл ордог.

Хардэлийн удамт хурдан адууг сонгон үржүүлж  халх даяар дуурсгасан
хурдан удмыг бий болгожээ

 
Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт Хардэл жанжин бэйс М.Пүрэвжавын эдэлж хэрэглэж байсан бичгийн янтай, луун болон одон хээтэй мөнгөн аяга /дарьганга хийц/, хялгасан бийрээр зурж үлдээсэн алдарт хурдан хүлгүүдийн зурагны хуулбар, галтай ланз болон энгийн ланз тамга, түүний зурсан “Хошуу наадам” хэмээх зураг эх хувилбараараа хадгалагдаж байдаг. 

Монголын хурдан морины уралдааны хөгжилд хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн хүний нэн тэргүүнд Хардэл жанжин бэйс М.Пүрэвжав бичигддэг. Тэрээр өөрийн дэргэд тухайн үеийн хамгийн шилдэг хурдан морь уяач, унаач, шинжээчдийг бий болгон сургаж, хурдан морь үржүүлэх, уяж сойх ажилд ихээхэн бодлоготой хандаж, өөрийн хүч хөдөлмөрөөр Галшар адуу хэмээх хурдан удмыг бий болгосон билээ.
 
Халхын Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу ноён, Хардэл Жанжин бэйс, хүлэг шинжээч, зураач олноо “өвгөн ноён” хэмээн алдаршсан Пүрэвжав нь 1844 онд Бишрэлт вангийн хошууны Хужирт хэмээх газарт бэйс Минжүүрдоржийн хоёрдугаар хөвгүүн болон мэндэлжээ.

Сэцэн хан аймгийн халх дорно замын дундад адгийн нутагт Бишрэлт Вангийн хошууг халхын анхны Сэцэн хан Шолойн ууган хөвүүн Мацигарын хүү Дарь анх захирч Дарийн ахмад хүү Ахай Цэмбэл-Дарийн гутгаар хүү Равдан-Равдангийн хоёрдугаар хүү Ядамжав-Ядамжавын ахмад хөвүүн Гүнцогжав-Гүнцогжавын дөрөвдүгээр хүү Юндэнбазар-Юндэнбазарын ахмад хөвүүн Минжүүрдорж-Минжүүрдоржийн хоёрдугаар хүү Пүрэвжав-Пүрэвжавын хөвүүн Доржцэрэн нар тус хошууг угсаа залгамжлан ноён суусан түүхтэй.

Өвгөн ноён М.Пүрэвжав нь бага наснаасаа монгол, манж, төвд бичиг, урлахуйн болоод морь шинжих арга ухаанд суралцсан бөгөөд 1885 онд эцгийн хэргэмийг залгамжлан хошуу  хурдан морь уях, хурдлуулах, шинжих, сойх эрдмийг гайхалтай эзэмшсэн хүн байв. Тэрээр Хардэлийн удамт хурдан адууг сонгон үржүүлж XX зуунд халх даяар дуурсгасан хурдан удмын адууг буй болгожээ. 


Хардэл жанжин бэйс өвгөн ноён нь морь шинжиж сойхоос гадна морьдоо шинжин зурж бүтээл туурвидаг уран бүтээлч, сэтгэгч, бичгийн том төлөөлөгч хүн байжээ. Тэрээр 1885-1909 он хүртэл хошуу ноёны хэргэм зэргийг залгамжлаад насжиж хууч өвчинтэй болсон учир  хүү Доржцэрэнд тушаалаа шилжүүлсэн гэнэ.


Галшар адуу нь олон үе дамжин хурдалж, үндэсний их баяр наадмын түүхэнд хамгийн өндөр амжилт үзүүлсэн төдийгүй бусад Монголын бүхий л нутгаар өргөн тархаж, хурдны олон угшил үүсэхэд нөлөөлсөн байна.  
Хэнтий аймгийн музейн сан хөмрөгт М.Пүрэвжавын эдэлж хэрэглэж байсан бичгийн янтай, луун болон одон хээтэй мөнгөн аяга /дарьганга хийц/, хялгасан бийрээр зурж үлдээсэн алдарт хурдан хүлгүүдийн зурагны хуулбар, галтай ланз болон энгийн ланз тамга, түүний зурсан “Хошуу наадам” хэмээх зураг эх хувилбараараа хадгалагддаг хэмээн тус музейн Эрдэм шинжилгээний ажилтан Б.Эрдэнэсувд ярьлаа.
  
 
Хэнтий аймгийн музей нь 1949 онд орон нутгийг судлах кабинет нэртэйгээр байгуулагдсан. 1982 онд Халхын Сэцэн ханы зуны ордноос үлдсэн 5 барилгыг сэргээн засварлан угсаатны зүйн музей болгон өргөжүүлснээр одоо Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей гэсэн 2 салбар музейтэйгээр үйл ажиллагаа явуулж, олон нийтэд үйлчилж байна.

Хэнтий аймгийн Сэцэн ханы ордон музей, Орон нутаг судлах музей нь нийтдээ шашны зан үйлийн, угсаатны зүйн, сэцэн ханы, ардын тоглоом наадгайн, түүхийн, байгалийн, алдартнуудын, ардчиллын, уран зургийн гэсэн үзүүллэгийн 10 танхимтай. Музейн сан хөмрөгт Хэнтий аймгийн түүх, шашин, угсаа нийтлэгийн онцлогийг харуулсан 2000 гаруй үзмэр, эд өлгийн зүйлс хадгалагддаг.

Сэцэн ханы ордон музей нь Халхын угсаа залгамжилсан Сэцэн хануудын зуны ордонд байрладаг. Тус музейн цуглуулгад угсаа залгамжилсан Сэцэн хануудын эдэлж хэрэглэж байсан үнэт ховор эд зүйлс, Халх даяар алдартай хурдан хүлгүүдийг бий болгосон Хардэл жанжин бэйс, хүлэг шинжээч, өвгөн ноён Минжүүрдоржийн Пүрэвжавын хэрэглэж байсан эд зүйлс, түүний хялгасан бийрээр зурж үлдээсэн хурдан хүлгийн зурагнууд, ХХ зууны алдарт уран дархан Тожил хийцийн эд зүйлс, тус аймагт олноороо суурьшдаг Халх, Буриад, Хамниган угсаа нийтлэгүүдийн ахуй соёлыг харуулсан угсаатны зүйн үзмэрүүд, шашны эд зүйлс, үнэт ховор судар ном, бурхан шүтээнүүд хадгалагддаг. Орон нутгийг судлах музейн үзмэр бүтээл нь аймгийн түүх соёлын дурсгалт газрын зураг, уран зураачдын бүтээл, аймгийн үзэсгэлэн төгс байгалийн олдвор ан амьтан, жигүүртэн шувууд, ашигт малтмалын дээжис, Хэнтий нутгаас төрөн гарсан алдартнуудын намтар түүхийг харуулан дэглэгдсэнээрээ онцлогтой.  
  Д.Одонтунгалаг


Монгол брэнд