top banner
Шуурхай мэдээ

Читийн тарваган тахлыг эсэргүүцэх станцтай хамтран ажиллана


2017-06-16 16:24:34
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/  ОХУ-ын Өвөрбайгалийн тарваган тахлын байгалийн голомттой хиллэн орших Монгол Улсын нутаг дэвсгэрт Читийн тарваган тахлын станц болон Монгол Улсын Эрүүл мэндийн яамны харъяа Зоонозын  Өвчин Судлалын Үндэсний Төв, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн мэргэжилтнүүдийн хамтарсан баг эпизоотологийн шинжилгээг зохион байгуулж, мэргэжилтнүүдээ харилцан солилцож, хамтарч ажиллах гэрээ байгуулав.

Эпизоотологийн шинжилгээний үр дүнгийн хамтарсан тайланг ирэх 10 дугаар сард бичин хэлэлцүүлж, 2018 онд хамтран ажиллах төлөвлөгөөг боловсруулахаар тохиролцсон байна.
Монгол Улсын нутаг дэвсгэрт ОХУ-ын хилийн дагуух нутгаас тарваган тахал болон бусад зоонозын халдвар хил дамнан зөөвөрлөгдөж тархах эрсдлийг бууруулах зорилгоор энэхүү хилийн хамтын ажиллагааны гэрээ хэлэлцээрийг хийсэн аж.

Уг хэлэлцээрт ЗӨСҮТ-ийн гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Биологийн Ухааны доктор Д.Цэрэнноров, Хэнтий аймгийн ЗӨСТ-ийн дарга Биологийн Ухааны магистр Г.Наранхүү, ОХУ-ын Чита мужийн тарваган тахлыг эсэргүүцэх станцын захирал, ОХУ-ын гавъяат эмч В.А.Агапов, Эрхүүгийн тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн тархвар судлалын тасгийн дарга, АУ-ны доктор С.А.Косилко, Өвөрбайгалийн хязгаарын хэрэглэгчийг хамгаалах МХГ-ын орлогч дарга В.И.Лапа нар оролцлоо.
Д.Одонтунгалаг

Монгол брэнд