top banner
Шуурхай мэдээ

Элсэлтийн ерөнхий шалгалтад 946 шалгуулагч хамрагдаж байна


2017-06-16 16:49:04
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ сарын 14-нөөс элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлсэн. Хэнтий аймгийн хэмжээнд 946 шалгуулагч ЭЕШ-нд хамрагдаж байгаагийн 80 сурагч нь өмнөх оных, 866 нь энэ оны төгсөгчид байна.

ЭЕШ-ыг зохион байгуулахаар Улаанбаатар хотоос Боловсролын Үнэлгээний Төвийн мэргэжилтэн М.Гантуяа, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн багш П.Одсүрэн нар ирсэн бол аймгийн Боловсрол Соёл Урлагийн Газраас 6 хүн томилогдон, хянагч багшаар 79 хүн ажиллаж байна.

Хэнтий аймгийн БСУГ-ын мэргэжилтэн П.Ариунбаатар ярихдаа "ЭЕШ-ын хамгийн их шалгуулагчтай хичээлд математик, монгол хэл, нийгмийн тухай мэдлэг болон англи хэл багтаж байна. Монгол хэлний шалгалтад 902 сурагч орсон бол математикт 822, Англи хэлд 709, Нийгмийн тухай мэдлэгт 685 хүүхэд шалгалт өгөөд байгаа. Хичээлүүдийн онцлогоос хамаарч шалгалт авах хугацаа харилцан адилгүй байна. Тухайлбал математик, монгол хэл, бичиг, хими физикийн хичээлүүд бодох зүйл ихтэй учир үргэлжлэх хугацаа нь 100 минут, бусад хичээлийн шалгалтууд 80 минут үргэлжлэн явагдана. Энэ жилийн шалгалтын онцлог гэвэл монгол хэл, англи хэл болон орос хэлний хичээлүүдэд сонсох чадварын даалгавар орж ирсэн. Энэ нь нийт онооны 10 хувийг эзлэх ба шалгалт өгч байгаа бүх ангиудад нэгдсэн журмаар чанга яригч байрлуулсан. Ер нь шалгуулагчид маань 4 материал бүрдүүлж шалгалтанд ирэх ёстой байдаг. Үүнд:
-Бүртгэлийн хуудас
-Суудлын хуваарь
-Бүрэн дунд боловсролын үнэмлэх
-Иргэний үнэмлэх.
Харин хүүхдүүдийн хувьд иргэний үнэмлэхээ орхигдуулах, хаяж гээгдүүлсэн болон бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ хувилсан зөрчил ганц хоёр гарч байна. Хүүхдүүддээ хандаж хэлэхэд бүрэн дунд боловсролын гэрчилгээ заавал эх хувиараа байх ёстой" гэлээ. 
 Д.Одонтунгалаг

Монгол брэнд