top banner
Шуурхай мэдээ

Н.Насанбуян, Б.Цэцэгбаяр нар Ази тивийн аварга болов


2017-06-18 10:32:21
Зураг

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази тивийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээнд оролцож байгаа манай бөхчүүдээс эрэгтэйчүүдийн 50 кг-д Н.Насанбуян, эмэгтэйчүүдийн 72 кг-д Б.Цэцэгбаяр нар Ази тивийн аварга болов.

Өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт Нармандахын Насанбуян хагас шигшээд Узбекистаны Рустамбек Жураевыг 6:2 ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ааваргын төлөөх барилдаанд 2013 оны өсвөрийн дэлхийн аварга Казахстаны Дархан Калкеновтой хүч үзэж 17:13 ялж алтан медалийн эзнээр тодорлоо. Тэрбээр Ази тивийн залуучуудын аварга болсон зургаа дахь тамирчин болж байна.

Өмнө нь 1981 онд Энэтхэгт болсон тивийн АШТ-ээс гавьяат тамирчин А.Энхээ 65 кг-д, Л.Энхбаяр 70 кг-д, ОУХМ С.Сүхбаатар 81 кг-д, 2005 онд БНСУ-ын Чэжүд ОУХМ Ц.Оюунболд 55 кг-д , 2007 онд Филиппиний нийслэл Манилад ОУХМ Д.Цогтбаатар 50 кг-д аваргалж байв.

Ази тивийн 2017 оны залуучуудын АШТ-ий эрэгтэйчүүдийн 50 кг-д өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, АТАШТ-ий мөнгө, АТЗАШТ-ий хүрэл медальт, Дархан-Уул аймгийн “Хасу-Мегастарс” клубын тамирчин Нармандахын Насанбуян ийнхүү Азийн аварга боллоо.



Эмэгтэйчүүдийн 72 кг-д Азийн өсвөр үеийн АШТ-ий мөнгө, хүрэл, АТЗАШТ-ий хүрэл медальт, “Арслан” клубын тамирчин Б. Цэцэгбаяр шөвгийн наймд Энэтхэгийн Поожа Поожаг 3:2-оор, хагас шигшээд Тайванийн Хуи Ци Чаныг 8:3-аар ялж, алтан медалийн төлөөх барилдаанд өнгөрсөн жилийн залуучуудын ДАШТ-йи хүрэл медальт, Азийн аварга БНХАУ-ын Чучу Янтай барилдах байв. Харин  өрсөлдөгч нь бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учраас Бямбадоржийн Цэцэгбаяр Азийн залуучуудын АШТ-д түрүүлсэн Монголын долоо дахь эмэгтэй тамирчин боллоо.

Өмнө нь 2007 онд Филиппиний Манилад О.Насанбурмаа 72 кг-д, 2008 онд Катарын Дохад ОУХМ Э.Нарангэрэл 44 кг-д, гавьяат тамирчин Д.Отгонцэцэг 51 кг-д, ОУХМ Э.Цэвэгмид 55 кг-д, 2009 онд Филиппиний нийслэл Манилад гавьяат тамирчин С.Батцэцэг 59, 2014 онд Улаанбаатарын дэвжээнд ОУХМ А.Батцэцэг 55 кг-д тус тус түрүүлсэн юм.

 

Д.Өлзий


Монгол брэнд