top banner
Шуурхай мэдээ

“Улаанбаатар цом” боксын олон улсын тэмцээнд 10 орны боксчин хүч үзнэ


2017-06-19 13:22:45
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сонирхогчдын боксын "Улаанбаатар цом" олон улсын тэмцээн Улаанбаатар хотноо энэ сарын 21-25-нд Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт болох гэж буй талаар Монголын боксын холбооноос мэдээллээ..

Өнөөдөр спортын төв ордны мэдээллийн төвд болсон хэвлэлийн хурлын үеэр МБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан хэлэхдээ ”Улаанбаатар хотноо 1969 оноос эхлэн 2000 он хүртэл 26 удаа зохион байгуулсан боксын олон улсын уламжлалт тэмцээнийг МБХ-ноос дахин сэргээж 2016 онд “Улаанбаатар цом” нэртэйгээр 27 дахь удаагаа амжилттай зохион байгуулсан. Тус тэмцээнд гадаадын 5 орноос тамирчид ирсэн бол энэ жилийн тэмцээнд 9 орны боксчин манай нийслэлд ирээд байна. Тэмцээний тов Европын аварга шалгаруулах тэмцээнтэй давхцсан учраас энэ тивээс ганц ОХУ-аас тамирчид ирлээ. Өмнө нь Улаанбаатарын олон улсын тэмцээнд /Интернациональ/  Куба, Румын, Польш, БНАСАУ, хуучин ЗХУ-ын шилдэг боксчид ирж тоглож байсныг тухайн үеийн тамирчид, бокс сонирхогчид сайн мэднэ.  Олон улсын сонирхогчдын боксын холбоотой зөвшилцөж “Улаанбаатар цом” тэмцээнийг олон улсын А зэрэглэлийн нэр хүндтэй тэмцээн болгохын төлөө зорьж байгаа. Жил ирэх тусам энэ тэмцээний чансаа, нэр хүнд өсч байна. Энэ удаагийн тэмцээний хоол болон байрны зардлыг зохион байгуулагч тал дааж байгаа. Манай тэмцээнд Засгийн газрын шийдвэрээр төсвөөс 80 сая төгрөг гаргаж өгсөн. Мөн Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, МИАТ компани, Капитрон банк зэрэг олон байгууллагаас ивээн тэтгэж байгаад МБХ-ноос нийт тамирчид, баг хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлье. Бид “Улаанбаатар цом” ОУТ-ийг “Токио-2020” зуны олимпийн наадмын эрх авах сонгон шалгаруулах  тэмцээн болгох зорилт тавиад ажиллаж байгаа” хэмээн онцлов.

 

"Улаанбаатар цом"  боксын 28 дахь удаагийн олон улсын тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Казахстан, БНАСАУ тэргүүтэй 10 орны нийт 121 боксчин аваргын төлөө өрсөлдөнө. Харин манай улсаас Зохион байгуулагч орны хувьд давуу эрхийн дагуу жин тус бүрт дөрөв, нийт 40 тамирчин хүч сорино.

Хандгайт дахь "Их тамир" спорт цогцолборт эрэгтэй 7, эмэгтэй 3 жинд шилдгүүдийн тулаан өрнөх юм. Энэхүү тэмцээнд манай шилдэг боксчдоос "Рио-2016" олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, Азийн АШТ-ий мөнгө, хүрэл медальт, ОУХМ Б.Түвшинбат, "Рио-2016" олимпийн тавдугаар байрын шагналт, ОУХМ Э.Цэндбаатараас бусад нь хүч, ур чадвараа сорино.  

Энэ тэмцээн ирэх наймдугаар сард Германд болох ДАШТ-ий өмнөх чухал сорил болохыг мэргэжилтнүүд онцолж байгаа юм. “Улаанбаатар цом” тэмцээнийг “Эх орон” ТВ  шууд дамжуулан үзүүлнэ. Мөн Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг мэдээллийн ивээн тэтгэгчээр ажиллаж тэмцээний талаар гадаад, дотоодод мэдээлнэ.

Дашрамд дуулгахад, Тэмцээн болох өдрүүдэд 12,13,14 цагаас Спортын төв ордны өмнөх талбайгаас Хандгайт "Их Тамир" спорт цогцолбор хүртэл автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ.
      
    Д.Өлзий         

Монгол брэнд