top banner
Шуурхай мэдээ

21 аймгийн 285 сум утасгүй интернэтэд холбогдлоо


2017-06-19 13:32:07
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газраас хэрэгжүүлж буй "Цахим сум" төслийн нээлтийн ёслолын арга хэмжээ өнөөдөр “Шангри Ла” зочид буудлын хурлын танхимд боллоо.

Засгийн газраас мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэх чиглэлээр “Мэдээлэл, холбооны технологийг 2010 он хүртэл хөгжүүлэх үзэл баримтлал”, “Монгол Улсын мэдээлэл, холбооны технологийг хөгжүүлэх дунд хугацааны стратеги” , “Цахим Монгол” үндэсний хөтөлбөр , “Цахим засаг” үндэсний хөтөлбөр , “Өндөр хурдны өргөн зурвасын сүлжээ” үндэсний хөтөлбөр зэрэг хөгжлийн бодлого, төлөвлөлтийн баримт бичгийг батлан хэрэгжүүлж байна. Тэдгээр төсөл хөтөлбөрийн үр дүнд сумдыг цахимжуулах чиглэлд гурван шатны ажлыг хэрэгжүүлжээ. Үүнд, нэгдүгээр шатны хүрээнд хөдөөгийн алслагдсан 118 сум, суурин газарт утасгүй болон суурин интернэтийн үйлчилгээг хүргэжээ. Хоёрдугаарт шатанд 136 суманд Wi-Fi утасгүй интернэтийн сүлжээг байгуулж, сумын ард иргэд хямд өртөгтэй цахим үйлчилгээг авах болсон байна. Төслийн гуравдугаар шат буюу өнөөдөр нээлтээ хийж буй төслийн хүрээнд нийт 80 гаруй сум суурин газар утасгүй интернэтийн сүлжээнд холбогдож байна.  Ингэснээр улсын хэмжээнд нийт 21 аймаг 285 сум өргөн зурвасын утасгүй интернэтэд холбогдов.

Ёслолын ажиллагааг нээж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат хэлэхдээ, “Монгол Улсын иргэн бүр төрийн байгууллагын үйл ажиллагаа, үйлчилгээ, мэдээ, мэдээллийг оршин суугаа газар, орон зай, цаг хугацаанаас үл хамааран ил тод, нээлттэй, хүртээмжтэй, түргэн шуурхай хүлээн авч, мэдээлэл холбооны хамгийн найдвартай, түгээмэл үйлчилгээг хүртэх эрхтэй. Цаашид алслагдсан сум, суурин газрууд, хөдөө орон нутгийн иргэд маань төрийн үйлчилгээг авахаар хот газар ирдэг биш төрийн үйлчилгээ тэдгээр өрх бүрийн үүдэнд тэгш, хүртээмжтэй хүрдэг байх зорилтыг тавин ажиллаж байна.

Энэ зорилтыг биелүүлэх арга хэмжээний нэгэн чухал хэсэг болох “Цахим сум” төслийн хүрээнд 2017 онд нийт 73 сум, суурин газрын иргэддээ утасгүй болон суурин интернетийн үйлчилгээг шинээр хүргэх төслийг эхлүүлэхэд бэлэн болсон байна.  Төсөл хэрэгжсэнээр алслагдсан сум, суурин газарт суугаа 800 мянга гаруй иргэдийн төрийн бодлого боловсруулахад оролцох оролцоог нэмэгдүүлэх, төрөөс үзүүлж байгаа үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, төрийн байгууллагын үйл ажиллагаа ил тод, нээлттэй, хүнд сурталгүй болоход чухал ач холбогдолтой юм” гэлээ.


 
"Монголын Цахилгаан холбоо" ХК-ны Гүйцэтгэх захирал М.Алтан-Очир тус үйлчилгээний давуу талын тухайд, “Энэхүү үйлчилгээ нь тухайн сумын орох хаалганаас гарах хүртэлх орон зайд ашиглагдана. Хамгийн гол давуу тал нь тухайн сумын нэг хэрэглэгч карт авлаа гэхэд өөрөө биш, хот айлаараа хэрэглэх боломжтой. Өөр нэг давуу тал бол сумын ИТХ, ЗДТГ, эмнэлэг, цагдаа, цэцэрлэг, сургууль гэсэн төрийн байгууллагууд интернэтэд холбогдож байна. Түүнчлэн ард иргэд мэдээллийг авахдаа ямар ч техник хэрэгслийг ашиглаж болно. Өөрөөр хэлбэл, ухаалаг утас гэлтгүй компьютер болон бусад техникийг ашиглаж интернэтэд холбогдох юм. Нийт 2,5 тэрбум төгрөгийн зардал гарсан. Манай компанийн хувьд ч мөн тодорхой хэмжээний санхүүжилт гаргасан бөгөөд цаашид ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллана.

Үүний зэрэгцээ "Монголын Цахилгаан холбоо" ХК сумдын төр захиргааны байгууллагуудад зориулсан “Цахим сум” программыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Ингэснээр байгууллага хооронд дотоод сүлжээ байгуулан, мэдээ мэдээллийг цахим хэлбэрээр шуурхай түгээх, ард иргэдэд төрийн үйлчилгээг цахим орчноор дамжуулан хүргэдэг болно" хэмээв.
 
Б.Туул
Гэрэл зургийг Б.Чадраабал



Монгол брэнд