top banner
Шуурхай мэдээ

Монгол Улс 140 кг амьдын жинтэй мах, ноосны чиглэлийн хонь үржүүлнэ


2017-06-19 17:37:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас  энэ оныг “Малын чанарыг сайжруулах жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд Монгол Улсад махны болон нарийн ноосны чиглэлийн Суффольк, Беришон дьошер, Романов, Меринос зэрэг дөрвөн үүлдрийн 657 толгой хонийг Франц улсаас  оруулж ирснийг өнөөдөр Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газраас  мэдээллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төв “Тайшир-Өргөө” ХХК-тай хамтран дээрх дөрвөн үүлдрийн хонийг  мах, ноосны чиглэлээр үржүүлэх бүс нутагт зохиомол хээлтүүлэгт ашиглах юм байна. Тодруулбал Суффольк, Меринос үүлдрийн хуцнаас технологийн түвшинд үр үйлдвэрлэж, генийн санд хадгална хэмээн албаныхан хэллээ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Малын удмын сангийн үндэсний төвийн захирал Д.Цолмонгоос дараах асуултад хариулт авсан юм.

- Франц улсаас Монгол Улс мах, ноосны чиглэлийн хонь оруулж иржээ. Яагаад заавал Франц улсыг сонгох болов оо. Эдгээр хонь манай цаг уурын нөхцөлд хэр дасан зохицох боломжтой вэ?

- Монгол Улс  34 сая хоньтой.  Тиймээс хонин сүргийнхээ чанарыг сайжруулах үүднээс Францаас зургадугаар сарын 17-нд  мах, ноосны чиглэлийн дөрвөн үүлдрийн 600 гаруй тоо, толгой хонь оруулж ирсэн. Франц бол  уулархаг, монголтой ижил уур амьсгалтай.  Дээрх оруулж ирсэн хонинууд цастай, сэрүүн орчинд байсан учир монголд дасан зохицох бүрэн боломжтой. “Тайшир-Өргөө” ХХК  дээрх үүлдрийн хонинуудыг  Монгол Улсад нутагшуулан, технологийн дагуу арчлан, маллаж, цэврээр нь үржүүлэхэд технологи, арга зүйн зөвлөгөө өгч, ашиг шимийг стандартын хэмжээнд авахад хамтран ажиллана. Улмаар үржлийн хээлтэгч, хээлтүүлэгчийг бойжуулан, мах, ноосны чиглэлийн эрчимжсэн аж ахуй эрхлэгчдэд захиалгын дагуу нийлүүлэх юм.



-Сүүлийн үед малчид тооноос илүү чанарт анхаарах болсон. Тэд монгол мал давжаараад байгаа талаар ярьдаг. Малын удмын санг хадгалах, чанарыг сайжруулахад салбарын яам ямар бодлого баримталж байгаа вэ?

- Энэ жил малчид 20,4 сая төл хүлээн авсан. Ингэснээр Монгол Улс 61.7 сая тоо толгой малтай боллоо. Социализмын үед малын үүлдэр омог, угшил, үржил селекцийн ажлыг бодлогоор  хийж байсан. Төвлөрсөн эдийн засагтай байх үед аймаг бүрт үржлийн суурь баазтай байлаа. Харин 1990 оноос мал хувьчлал өрнөж энэ ажил орхигдож эзэнгүйрсэн. 2006 оноос малын удмын санг эргэн сэргээсэн юм. Малын үржил, селекцийн ажил хоцрогдож малын чанар алдагдах тал байгаа учраас салбарын яамнаас үүнд анхаарч “Мах, сүүний анхдугаар аян”-ыг өрнүүлж байна. Мөн  Дархан-Уул аймагт малын удмын сангийн  бааз байгуулахаар ажиллаж байгаа.  Манай яамнаас   малын тоо, толгой гэхээс илүүтэй  чанарт анхаарья гэсэн бодлого баримталж байна. Малчид ч гэсэн малын чанартаа анхаарах болсон. Чанар муутай, эрүүл бус 1000 малтай байснаас чанартай 300 малтай байснаар илүү ашиг шим хүртэнэ гэдгийг малчид эхнээсээ ойлгож байна. Нөгөөтэйгүүр Монгол Улс эрчимжсэн мал аж ахуйтай байж,  экспортоо нэмэгдүүлнэ.

-Ингэхэд  манай улсад хичнээн омгийн мал байна вэ?

- Улсын хэмжээнд 34 омгийн мал үржиж байна. Яамны зүгээс аймгуудын Цөм сүргийн үржлийн төвтэй хамтран  зохиомлоор үхрийг хээлтүүлэх ажлыг гардан явуулж байна. Төв, Хөвсгөл,  Баян-Өлгий, Хэнтий зэрэг 18 аймгаас 6416 зохиомол хээлтүүлэг хийх захиалга аваад байна. Ямаан сүргийн хувьд Өвөрхангай аймагт сүүний чиглэлийн  ямааг Францаас  авчран үржүүлж байгаа. Ямааны сүү хүний биед хэрэгтэй ,эрдэс бодис ихтэй учраас сүүний үүлдрийн  ямааг үржүүлж байгаа гээд малын үүлдрийг сайжруулахад анхаарч байна.

Франц улсаас оруулж ирсэн дөрвөн төрлийн шилмэл үүлдрийн хонины ашиг шимийн  талаар товч  хүргэе.

РОМАНОВ ҮҮЛДЭР: Зуун хувь ихэр төл өгдөг. Төллөх бүртээ хоёр ба түүнээс дээш төл гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, маш богино хугацаанд махны чиглэлээр эргэлтэд оруулах боломжтой. Эрчимжсэн хонины аж ахуй эрхлэгчид ихэрлэдэг Романов эм хонинд Суффольк хуц тавьж, сайн чанарын мах нийлүүлдэг ихэр төл гарган авч, хавар гарсан хургаа намар 60 кг хүргэж борлуулах боломжтой хэмээн онцлов. Ингэхдээ бэлчээрээр дөрвөн сар идээшлүүлж, хоёр сар тэжээх шаардлагатай аж.

СУФФОЛК ҮҮЛДЭР: Дэлхий нийтэд махны чиглэлээр энэ үүлдэр нэгэнт танигдсан тул  экспортлох бүрэн боломж бүрдэнэ гэж салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Суффолк үүлдрийн эр хонины амьдын жин 120-140 кг, эм хониных нь 70-90 кг татдаг байна. Зургаан сартай хурга нь гурван настай монгол хоньтой дүйцэхүйц амьдын жинтэй, ноосны гарц нь 4-5 кг  аж.

МЕРИНОС ҮҮЛДЭР: Нэгдэлжилтийн үед манай улс  ОХУ-аас нарийн ноосны чиглэлээр  хэд, хэдэн үүлдэр нутагшуулж байсан удаатай. Тухайн үедээ нарийн болон нарийвтар ноостой Хангай, Ерөө, Орхон, Тал нутгийн цагаан гэхчилэн үүлдрүүд бий болгожээ. Эдгээр үүлдрүүдээс жилд 1500 тонн нарийн ноос бэлтгэж, даавуу хийх зориулалт бүхий Нэхмэлийн үйлдвэр ажиллуулдаг байсан. Тэжээл, бэлчээрийн нөхцлийг хангаж чадахгүйгээс үүдэн хаагдсан эдгээр үйлдвэр, үүлдрийн аж ахуйг сэргээх зорилгын хүрээнд меринос үүлдрийг оруулж ирж буй аж.  Меринос үүлдэр нь дан ганц нарийн ноос гэхгүй, махны ашиг  өндөр юм байна. Меринос эр хонины амьдын жин 130, эм хониных нь 80 кг татдаг бөгөөд ноосны гарц нь 4.5-6.6 кг юм байна.

БЕРИЧОН ДУШЕР: Уг үүлдрийн 100 эм хониноос ойролцоогоор 160-180 төл авдаг байна. Өөрөөр хэлбэл Романов хонио арай гүйцэхгүй ч үржүүлгийн чиглэлд өндөр ашиг шимээ өгдөг аж. Мөн махны чиглэлд ашиг өндөртэйд тооцогддог бөгөөд эр хонины амьдын жин 100-140, эм хониных нь 60-70 кг татдаг байна. Хоногт ойролцоогоор 341 гр-аар жин  нэмэгддэг, ноосны гарц нь 4.5 кг гэдгийг мэргэжилтнүүд тодотголоо.
 

Б.Заяа
Гэрэл зургийг Т.Чимгээ

Монгол брэнд