top banner
Шуурхай мэдээ

Хаанс Лэдэрийн мөрөөр


2017-06-22 13:15:29
Зураг

Австрийн судлаач, аялагч Хаанс Лэдэрийн цуглуулсан эд өлгийн зүйлсийн тухай өгүүлэх “Эд өлгийн барилдлага: Хаанс Лэдэрийн мөрөөр” нэртэй үзэсгэлэнг судлаач, нийгмийн антропологич Мария Катарина Ланг санаачлан зохион байгуулж “Богд Хааны ордон музейд” гаргалаа.

Хаанс Лэдэр 1892 онд шавьж судлаачийн хувиар анх удаа Монголд ирснээсээ хойш 1899-1905 оны хооронд хэд хэдэн удаа аялахдаа Монголын угсаатны зүй, Бурханы шашныг ихэд сонирхох болсон байна. Түүнийн эд өлгийн цуглуулга нь түүхийн шижмийг тогтоох биет баримт төдийгүй цаг хугацаа, орон зай, хил хязгаарыг холбох түүх, сүсэг бишрэл, хувь хүний ахуй амьдрал, эд зүйлстэй нягт барилдлагад оршдог байна. Тиймдээ ч тус үзэсгэлэнг “Эд өлгийн барилдлага” буюу Хаанс Лэдэрийн мөрөөр гэж нэрлэсэн юм.

Аяллын зураг

Лэдэрийн аяллын зам мөрийг харуулсан түүхэн газрын зургаас гадна эд өлгийн зүйлстэй холбоотой сүлжээ харилцааг илтгэх “газрын зураг”-ийг шинээр бүтээсэн нь олны анхаарлыг татаж байв. Түүний аялсан зам мөрийг мөшгин хээрийн шинжилгээ хийж, очсон газруудыг нь одоогийн байдалтай харьцуулан дүгнэжээ. Ийн явах үедээ судалгааны багийнхан эд өлгийн зүйлсээр өнгөрсөн үеийн зан үйлийг өнөөгийн байдалтай холбон үзсэнээр тэдгээрийн сүлжилдсэн хөдөлгөөн хийгээд цаг хугацааны байршлыг тодруулсан байна.

1891 оны үед Оросын эзэнт гүрний Газарзүйн нийгэмлэгийн Ерөнхийлөгч, эрвээхий судлаач Николай Михайлович, шавьж судлалын ажлыг нь үргэлжлүүлэн хийлгэхээр Лэдэрийг өмнөд Сибирь лүү илгээсэн байдаг. Ийнхүү Лэдэр монгол орон руу ойртон ирж өөрийн аяллыг үргэлжлүүлсэн юм.



Тэрээр 1899, 1900, 1902, 1904 зэрэг онд монгол оронд айлчилсан байдаг. Анхны удаа Монголоор аялахдаа шавьж, амьтан голчлон цуглуулсан нь эдүгээ Вен болон Будапешт хотын байгалийн түүхийн музейн цуглуулгын нэгээхэн хэсэг болжээ. Аажимдаа түүний цуглуулга угсаатан судлал руу шилжсэн болохыг газрын зураг хийгээд Богд хааны ордон музейд дэлгэгдсэн үзмэрүүдээс харж болно.

Лэдэр дөрвөн сар үргэлжилсэн аяллынхаа явцад Их хүрээнд хэд хэд хоножээ. Мөнхүү хээрийн аялал хийж, монголын хөдөө, ахуй байдал, үзсэн харснаа маш нарийн тэмдэглэж үлдээсэн байдаг нь түүхийн үнэт өв болон хадгалагджээ. Хүн зүгээр л аялж явдаггүй. Үзсэн зүйлсээ нарийвчлан судалж, мэдлэг мэдээлэлтэй болж ирээдүйн залууст түүх бүтээж үлдээх ёстой гэдгийг Хаанс Лэдэрийн аялал бидэнд харуулдаг билээ.

Үнэт цуглуулга

Өнөөдөр Хаанс Лэдэрийн цуглуулга болох 4500 гаруй үзмэр Вени, Будапешт, Лайпциг, Штутгарт, Берлин хотын угсаатны зүйн музейд хадгалагддаг. Богд хааны ордон музей цуглуулгын эд зүйлсийг хувь хүмүүсийн түүх яриатай зэрэгцүүлэн үзүүлсэн нь тус үзэсгэлэнгийн онцлог юм. Уг үзэсгэлэнд сүм хийд музей болон хувиран өрчлөгдсөн 1990 оны улс төрийн шинэчлэлт, шашны эрх чөлөө сэргэснээс хойш музей, сүм хийдийн хосолмол хэлбэр бий болсон зэргийг гэрэл зургаар үзүүлсэн байна.

Цуглуулгын хувьд Лэдэрт олгосон аяллын төсөв бага, тээвэрлэхэд хүндрэлтэй зэргээс шалтгаалан тухайн үед овор бага, хямд үнэтэй зүйлс худалдан авч цуглуулга өргөжүүлж байсан нь илт харагдана. Хамгийн гол монголоос авсан зүйлсээ өөрийн оронд аваачин худалдаж амин зуулгаа залгуулдаггүй, ашиг олохыг боддоггүй, түүнээс хол давсан мөрөөдөл, сонирхолтой байсан нь тодорхой.

Түүний цуглуулсан арга хэлбэр, үзмэрүүдийн дэс дарааллыг харахад зүгээр нэг сониуч зангаар бус судалгааны ажилдаа хамаатай юмсыг авч, бичмэл, сүсэг бишрэлийн талаар тоймлон дүгнэхдээ гарамгай авьяастай нэгэн байсан тухай хамт ажиллагсад нь тодорхойлжээ.
Тэрбээр өөрийн хувийн тэмдэглэлдээ “Би дээд, доод зиндааны лам хуврага, мөргөлчин, эгэл ардтай маш ойр харилцаж байсан. Цуглуулж байсан шашны эд зүйлсийнхээ тухай асууж тайлбарлуулж байж л учрыг нь ухах тул тэдний шашны байдлыг сонирхох нь зүйн хэрэг юм. Харь шашинтай хүнийг үл  тэвчих хийгээд хэт шүтэхээс ангид орших бурханы шашинтны үзэл намайг ивээсэн билээ” хэмээн монголчуудын шашны сүсэг бишрэлийн талаар өгүүлсэн байдаг.

Мөнхүү “Хаанс Лэдэрийн мөрөөр” үзэсгэлэнг сонирхон явахуй дор монгол хүний цагаан цайлган сэтгэл, өгөөмөр зан чанарыг магтан сайшаасан хийгээд цуглуулсан зүйлсийнхээ “монгол нэр”-ийг нь бичиж тэмдэглэхэд лам нар тусалж байсныг бүтээлдээ эш татсан нь буй.

Лэдэрийн цуглуулга 1990-аад оны үеийн Монголын өдөр тутмын шашны эдийн боловсролын нэгээхэн хэсгийг төлөөлөн  илэрхийлдэг нь манай улсад чухал ач холбогдолтой. Нийтдээ 4500 гаруй эд зүйлс нь хоорондоо ижил төстэй төрөл зүйлээс бүрддэг байна. Үүнд нь томоохон зурмал бурхдын хөрөг, цац, зан үйлийн болон цөөн тооны шашны хэрэглэл, жижиг бурхан, хэвлэмэл зураг, гүнгэрваа, Монгол цамын модон дүрийн багц, сахиус зэрэг багтана.

Хамгийн гол сүм хийд, музей хосолмол хэлбэрээр оршиж байсан хийгээд хэдийд устаж үгүй болсон түүхэн шижмийг тодруулахад Лэдэрийн цуглуулга үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг мэргэжилтнүүд онцолж байв.

Мөнхүү тус үзэсгэлэнг зохион байгуулснаар Австри, Монгол орныг холбох, цаашид хамтран ажиллахад чухал ач холбогдолтойг зохион байгуулагчдын зүгээс онцлон дурьдсан билээ.
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг А.Чадраабал

Монгол брэнд