top banner
Шуурхай мэдээ

А.Ганбаатар: Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдэхийг хориглолоо


2017-06-23 16:14:50
Зураг

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай зарлиг гаргалаа. Энэ талаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх А.Ганбаатартай ярилцав.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай 136 дугаар зарлиг гаргасан байна. Энэ зарлигийн ач холбогдол, зарлиг гаргах болсон шалтгаан юу вэ?

- Монгол Улс шинэ Үндсэн хуулиа 1992 онд баталсныг бүгдээрээ мэдэж байгаа. Шинэ Үндсэн хуультай болсноор Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмыг үндэс болгож, төрийн уламжлалыг сэргээж эхэлсэн.

Монгол төр- монгол үндэстнийг нэгэн соёлоор нэгдмэл байлгах бодлого цагийн урт, үзэл суртлын нөлөөний улмаас гээгдэж байсан тохиолдол нэг бус байсан. Ингэх бүрт монголчууд тарж бутарч, эв эеэ алдаж байсан гашуун түүхтэй. Энэ бүхэн бидэнд сургамж болон үлдсэн байдаг. Ингээд шинэ Үндсэн хуулийн үзэл санаан дор монгол хэл, соёл, түүх, уламжлалаа хөгжүүлж, төрийн хүндэтгэлийн бэлгэдлүүдээ сэргээн хэрэглэх болсон. Үүний бодит жишээ нь төрийн хүндэтгэлийн бэлгэдэл болох Есөн хөлт их цагаан тугийг тусгай дэг жаягийн дагуу бүтээж үйлдсэн байдаг. Есөн хөлт их цагаан тугийг төрийн ёслол, үндэсний хэмжээний баяр наадмаар гүн хүндэтгэлтэй залж цэнгүүлдгийг бид бас сайн мэднэ.

Иймээс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Их цагаан тугийг гүнээ дээдлэн хүндэтгэж байхыг иргэдэд уриалж, Их цагаан тугийг дууриалган үйлдэж төр, олон нийтийн аливаа үйл ажиллагаанд ашиглахгүй байхыг төрийн захиргаа, нутгийн өөрөө удирдах болон холбогдох бусад байгууллагад даалгалаа.

Мөн Төрийн бэлгэ тэмдгийн тухай хууль, холбогдох журмыг даган мөрдөх, биелэлтэд нь хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг даргад үүрэг болголоо.

-Ерөнхийлөгчийн зарлигт ямар учир шалтгааны улмаас Есөн хөлт их цагаан тугийг аймаг, сумдад дуурайлган үйлдэж ашиглахыг хориглосон бэ?

- Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл -Их цагаан тугийг гүнээ хүндэтгэх хандлага олон нийтэд нэгэнт хэвшин тогтсон. Гэвч түүнийг хүндэтгэн дээдлэх хуулийн заалтыг чанд мөрдөөгүйгээс хүндэтгэл нь гутаах үйлдэл болох тохиолдол нэг бус удаа гарч байсан.

Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг Монгол Улсын бүх аймгийн адуун сүргийн дотроос шилж сонгосон цагаан зүсмийн азарганы 80,0 см-ээс доошгүй урттай, дэл сүүлээр, ганц хувь үйлдэнэ”. 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Төрийн тугийг өнгийн чулуу шигтгэж, дотор нь Монгол Улсын бүх аймгийн хөрсний дээжийг байрлуулан цутгасан, шаталсан хэлбэртэй хот, улсыг бэлгэдсэн хүрээ мандлын байдалтай суурь дээр залж Төрийн ордонд байрлуулна”. 2 дахь хэсэгт “Төрийн тугийг газарт хүргэхийг цээрлэнэ” хэмээн заасан байдаг. Ийм атал аймаг, сумд, зарим олон нийтийн байгууллага, хувь иргэн Төрийн Есөн хөлт цагаан тугийг дууриалган үйлдэж, төрийн ёслол, олон нийтийг хамарсан үйл ажиллагаанд ашиглах байдал гарсаар байна.

Ингэж дуурайлган үйлдэж хэрэглэхийг Ерөнхийлөгчийн уг зарлигаар бүр мөсөн хориглолоо.

-Тэгвэл энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд аймаг, сумд Есөн хөлт их цагаан тугийг дуурайлган үйлдсэнийг хэрэглэж болохгүй нь гэж ойлгож болох уу?

-Яг тийм. Энэ 2017 оны улсын их баяр наадмаас эхлээд Монгол Улсын Төрийн туг буюу бидний нэрлэж заншсанаар Есөн хөлт их цагаан тугийг зөвхөн Монгол Улсын нийслэлд, төв цэнгэлдэх хүрээлэнд цэнгүүлэх болно.

Энэ бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн гаргасан Монгол Улсын Төрийн тугийг хүндэтгэх тухай төрийн түүхэнд үлдэх түүхэн зарлиг болж байгаа юм.


Монгол брэнд