top banner
Шуурхай мэдээ

Машинтай хүмүүс мазаалайтай таарчээ


2017-06-26 18:23:26
Зураг

Говь-Алтай  /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Гэтэл саяхан Ээж хайрхан уулаас баруун хойш Ажийн нуруу, Таянгийн нурууны хооронд орших Цээл сумын нутаг Тооройн нурууны Урд буйлаасын хөндийн эх гэдэг газар нэг мазаалай явж байгаад машинтай хүмүүстэй таарсан байна.
Уг мазаалайг харсан жолооч С.Уламбаяртай уулзахад, 
-Би эхнэртэйгээ, гурван залуугийн хамт тавуулаа Алтай сумаас ирж явах замдаа нэг мазаалайтай таарлаа. Эхлээд хамар дээр газар үнэрлээд зогсож байхад нь дурандсан тэр цаашаа тайван алхаад далд орсон, хөндий өгсөөд гараад ирэхэд зам дээр 25 метрийн орчимд яг тулсан. Хүрэндүү бор зүстэй, бөөрнийх нь үс хөөрчихсөн нь тод харагдаж байлаа. Тэрээр биднийг хараад цааш зугтсан, бид үргээж хөөгөөгүй  орхиод Цээл сумд ирээд аймаг руу байгаль орчны хүмүүст утсаар хэлсэн, одоо явахад байсан газар, мөрийг нь заагаад өгч чадна хэмээн ярьж байна. Уг газар нь мазаалай байдаг нутгаас 250-300 орчим километр зайтай юм байна. ГИДЦГ-ын ажилтнууд уг газраар очиж зарим ус булагаар мөр хараад юм олж үзээгүй ажээ.

Мазаалай баавгай хоол тэжээл ховор үед, мөн залуу эр мазаалай өөрийн эзэмшил нутаг хайх зэргээр алс явдаг гэнэ.

Дашрамд сонирхуулахад дохиолол зүүсэн нэг мазаалай 2015 оны 6 дугаар сард хилээр гарч Хятадын нутгийн гүнд 200 км нэвтрээд 9 сард эргэн ирж Атас богдын ууланд агуйд ичээлж байсан гэж ГИДЦГ-ын ажилтан Нямбаяр ярьж байлаа.

                                                                                                                        Ш.Цоодол


Монгол брэнд