top banner
Шуурхай мэдээ

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох санал хураалт өндөрлөлөө


2017-06-26 21:42:46
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийн санал хураалт 22.00 цагаас орон даяар нэгэн зэрэг өндөрлөлөө.

Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгчийг сонгох сонгуульд МАН-аас М.Энхболд, АН-аас Х.Баттулга, МАХН-аас С.Ганбаатар нар нэр дэвшин өрсөлдлөө. Энэ удаад санал өгөх эрх бүхий нийт 2.023.018 сонгогч бүртгэгдсэнээс үндсэн 1.978.294, “Түр хасав” тэмдэглэгээтэй 44274 сонгогч Сонгогчийн нэрсийн жагсаалтад орсон юм.
Улсын хэмжээнд нийт 1983 санал авах байр ажиллаж, 25 орчим мянган төрийн албан хаагч зохион байгуулалтад оролцов. Сонгуулийн үйл явцыг ажиглахаар гадаад улсын 30, мөн олон улсын байгууллагын урт болон богино хугацааны ажиглагчид, улс төрийн намуудын нийт 17 мянган ажиглагч сонгуулийн үйл явцыг ажиглалаа.


Цагдаагийн байгууллага орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, 2803 алба хаагч санал авах байруудыг хамгаалан, үүрэг гүйцэтгэв. Мөн энэ удаагийн сонгуульд 2008 оноос хойш анх удаа нийслэлийн сонгогчдод саналаа өгснийг нь баталгаажуулах тусгай бэхэн тэмдэглэгээ ашиглалаа. Түүнчлэн саналын хуудсыг бусдад харуулахаас сэргийлэх зорилгоор саналын хуудсын хавтас ашигласан нь онцлог байлаа.

Түүх сөхвөл, Монгол Улс 1993 онд анх бүх нийтээр сонгох Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулж, анхны Ерөнхийлөгчөөр Пунсалмаагийн Очирбат сонгогдож байсан юм. Үүнээс хойш 1997-2001 онд Нацагийн Багабанди, 2005-2009 онд Намбарын Энхбаяр, 2009-2013 онд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нар Төрийн тэргүүнээр сонгогдож байв. Ингээд монголчууд долоо дахь удаагийн сонгуулиар тав дахь Ерөнхийлөгчөө сонгож, ирэх дөрвөн жилд Монгол Улсын Төрийг тэргүүлэх Ерөнхийлөгчийн нэр тодрох мөч ойртлоо.
Н.Гантуяа
 

Монгол брэнд