top banner
Шуурхай мэдээ

Н.Мөнхзул:Шүүгчийн сонгон шалгаруулалтын босго өндөрслөө


2017-06-27 14:23:44
Зураг
Улаанбаатар / МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны зургадугаар сарын 08-ны өдрийн 103 дугаар зарлигаар Шүүгч сонгон шалгаруулах журмыг шинэчлэн баталсан. Бүх шатны шүүхийн шүүгч, анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт орсон талаар Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын албаны дарга Н.Мөнхзултай ярилцлаа.

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Шүүгч сонгон шалгаруулах журам”-ыг шинэчлэн баталжээ. Журам шинэчлэгдсэнээр шүүгчийн сул орон тоо нөхөгдөх хугацаа богиносож байгаа юу?
-Өмнөх журмаар сонгон шалгаруулалт зарласан шүүгчийн сул орон тоонд шүүгч томилогдох хугацаа 3-4 сараар үргэлжилж, сул орон тоо зарлагдсан шүүхийн шүүгчийн ачаалал нэмэгдэх, шүүхийн үйлчилгээний хүртээмж удаашрах зэрэг үр дагавартай байсан. Харин шинэ журмаар сул орон тоо зарлахад нэрээ дэвшүүлэх хуульчид урьдчилан бэлэн болсон байхаар зохицуулсан. Ингэснээр шүүгчийн сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласнаас хойш нэг сарын дотор шүүгч томилогдох боломжтой гэж харж байна.

-Шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд ямар өөрчлөлт гарсан бэ?
-Журмыг шинэчлэн баталснаар шүүгч сонгон шалгаруулах ажиллагаанд зарчмын хувьд нэлээд том өөрчлөлтүүд гарсан. Суурь шалгалт гэсэн шалгалтын төрөл бий болсон. Энэ шалгалт нь "ерөнхий” болон "тусгай” шалгалтаас бүрдэнэ. Суурь шалгалтад анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид нэр дэвшиж буй шүүгчээр ажиллаагүй байгаа нэр дэвшигч хамрагдана. Суурь шалгалтад оролцсон нэр дэвшигч 2 удаагийн босго оноо давсанаар шалгалтад тэнцэнэ. Мөн суурь шалгалтад тэнцсэн нэр дэвшигч "шүүгчийн бэлтгэл сургалт”-д бүрэн хамрагдаж байж, дараа дараагийн шалгуурт орох эрхтэй болно. Мөн шинэ журмаар сонгон шалгаруулалтын босго нэлээдгүй өндөр болсон учраас нэр дэвшигчдэд боломж олгож, шалгалтад тэнцээгүй тохиолдолд хугацаа харгалзахгүйгээр шалгалтад дахин оролцох боломж олгосон. Мөн нэр дэвшигч сонгон шалгаруулалт зарласан нэг л сул орон тоонд нэрээ дэвшүүлдэг байсан бол одоо нэгэн зэрэг сонгон шалгаруулалт зарласан адил чиглэлийн хэд хэдэн сул орон тоонд нэрээ дэвшүүлэх боломжтой болж байна. Сонгон шалгаруулалтын босго хэдийгээр өндөрссөн ч гэлээ түүнийг давах боломж илүү нээлттэй, сул орон тоонд нэрээ дэвшүүлэх сонголтыг өргөн хүрээнд хийхээр болсон .

Ж.Батсайхан

Монгол брэнд