top banner
Шуурхай мэдээ

Ц.Хишигсүрэн:Цэргийн сургуулийг алтан медальтай төгссөн анхны монгол эмэгтэй оюутан болсондоо баяртай байна


2017-06-27 18:08:23
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын БХЯ-ны нэрэмжит  Цэргийн их сургуулийг эдийн засгийн аюулгүй байдал мэргэжлээр улаан диплом, алтан медальтай төгсч буй Монголын анхны  эмэгтэй оюутан, дэслэгч Ц.Хишигсүрэнтэй уулзаж ярилцав. Тэрбээр Кремлийн ордонд болох ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путины хүндэтгэлийн арга хэмжээнд оролцохоор уригдаад байгаа юм. 
 
Юуны түрүүнд сургуулиа амжилттай төгсч, Эх орныхоо нэрийг өндөрт өргөж буй танд баяр хүргэе. Яагаад Москвад тэр тусмаа цэргийн сургуульд суралцах шийдвэр гаргасан юм бэ?

-Аав маань 284 дүгээр Цэргийн ангид алба хааж байгаад тэтгэвэртээ гарсан хошууч Х.Цэвээндорж гэж хүн байдаг. Цэргийн хүн болж аавынхаа мэргэжлийг өвлөнө гэж боддог байсан. Тийм ч учраас дунд сургуулиа төгсөөд Монгол Улсын Батлан хамгаалахын их сургуульд радио холбооны инженерийн чиглэлээр суралцахаар элсэн орсон юм. Хоёрдугаар курсын оюутан байхдаа багшийнхаа зөвлөснөөр ОХУ-ын БХЯ-ны тэтгэлгийн шалгалтад тэнцээд Москвад ирж суралцах боломж олдсон. 
 
ОХУ-ын БХЯ-ны тэтгэлгийн шалгалтын тухай тодорхой мэдээлэл өгөөч? Уншигч залуус маань сонирхож байж магадгүй?

- Шалгалтаа 2011 онд БХЯ-нд очиж өгч байлаа. Математик, физик, орос хэл, биеийн тамирын чиглэлээр шалгалт өгсөн. Тухайн үед 200 орчим оюутнаас шалгалт авч 100-г нь сонгосон. Надаас гадна 7 залуу ОХУ-ын БХЯ-ны нэрэмжит Цэргийн их сургуульд элсэн суралцаж одоо бүгд амжилттай төгсч байна.
Сургалтын төлбөр, байр, хоолны зардалд мөнгө үрдэггүй учир сар бүр авдаг тэтгэлэг /10400 рубль/ маань хангалттай хүрдэг. Зарим тохиолдолд тэр мөнгөө цуглуулж байгаад нутаг буцчихаад ирдэг.
 
-  Сургуулийнхаа тухай танилцуулаач? Нийт хичнээн монгол оюутан сурч байна вэ?

- Энэ жил манай сургуулийн 98 жилийн ой тохиож байгаа. Анх В.И.Ленины нэрэмжит Улс төрийн академи байсан юм.Түүн дээр өөр хотуудын зургаан академи нэмэгдээд одоогийн сургууль маань үүсэн байгуулагдсан юм билээ. Нийгэм, эдийн засаг, хууль, орчуулагч гээд нийт 9 чиглэлээр оюутан сургадаг маш том сургууль. Өнгөрсөн жил л гэхэд 1000 оюутан төгссөн. Одоогийн байдлаар манай сургуульд 26 монгол оюутан сурч байгаагаас 10 нь энэ жил төгссөн.
 
Эмэгтэй хүн цэргийн сургуульд суралцах хэцүү юу, цэргийн дэглэм хатуу биз?

- Тийм. Ер нь хатуу чанд сахилга баттай. Бүх зүйл цагаар төлөвлөгдсөн байдаг. Энгийн сургуулийн оюутнууд шиг хүссэн үедээ гарч орно гэж байдаггүй. Мөн биеийн тамирын хичээл зонхилдог. Би өөрөө дуртай учир надад төвөгтэй санагддаггүй.

Нэг өдрийн хувиар чинь ямар байдаг вэ?

- Өглөө 6 цагт босч гүйлтэндээ гардаг, дараа нь 8.00 цагаас цайндаа орно, 9.00 цагаас 14.00 цаг хүртэл хичээлтэй, өдрийн хоолоо идээд 16-19 цаг хүртэл хичээлээ давтаж даалгавраа хийх ёстой.
Дараа нь хоёр цаг амраад 21 цагт оройн тоонд жагсаж, 22 цагт унтсан байх шаардлагатай л даа.
Долоо хоногийн зургаан өдөр иймэрхүү маягтай өнгөрдөг, харин бүтэн сайн өдөр гадуур гарч болно.

 - Олон жил суралцахад хүндрэл бэрхшээл гарч байв уу?

- Эхний хоёр жил гэрээ санаад их хэцүү байсан. Би анх ирэхдээ орос хэлэндээ тааруу. Түүнээсээ болоод хааяа шантрах үе гарч байсан ч одоо бүх зүйл ард хоцорчээ. Бүр сургуулиа онц дүнтэй төгсч байгаадаа маш их баярлаж байна.
 
Зургаан жилийн хугацаанд олон зүйл болж өнгөрсөн байх. Баяртай, гунигтай дурсамжаасаа хуваалцахгүй юу?

- 2011 онд анх Москвад ирээд удаагүй бөөр өвчилж эмнэлэгт хэвтсэн. Эмч нарынхаа яриаг ч ойлгодоггүй. Тэвдэж байхад надтай нэг тасагт хэвтэж байсан орос эмээ их тус болж билээ. Оросууд ер нь их тусархуу сайхан сэтгэлтэй хүмүүс. Монголчуудтай тэр зан чанар нь  их адилхан санагдсан.Баяртай мөч гэх юм бол гурав хоногийн өмнө ОХУ-ын БХЯ-ны орлогч сайд, армийн генерал А.Панковоос улаан диплом, алтан медалиа гардан авч, эх орныхоо нэрийг дуудуулсан тэр мөч байлаа.

-Энэ сарын 28-ны өдөр Кремлийн ордонд болох ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины хүндэтгэлийн арга хэмжээнд уригдсан гэж дуулсан. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

- Маш их баяртай байгаа. Энэ их том  гүрний  удирдагчийг ойроос харах боломж  тохиох нь ховор бизээ. Надтай хамт бас нэг монгол залуу оролцоно.
 
- Зургаан  жил сурсан Москвагаа санах л байхд аа? 

-Санана. Москва надад маш их таалагддаг. Ногоон байгууламж, өргөн гудамж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх газар элбэг. Царицыно парк миний хамгийн очих дуртай газар.
 
ОХУ-д төгсч буй манай үлгэр жишээ оюутны хувьд залуустаа хандаж юу гэж хэлэх вэ?

-Хүн хийж буй зүйлдээ сэтгэлээ шингээвэл заавал эерэг үр дүн гардаг юм байна гэдгийг л сайн ойлгосон. Залуустаа аливаад сэтгэл зүрхнээсээ хандаж байхыг захья даа.
 
Москва хот Л.Нандинцэцэг
 

Монгол брэнд