top banner

Ханиадны эсрэг вакцин бүхий наалтыг туршжээ


2017-06-28 15:03:45
Зураг
ЛОНДОН./BBC/. Ханиадны эсрэг вакцин бүхий наалтыг АНУ-д анх удаа клиникийн туршилтад оруулсан байна. Энэ наалт бол Жоржиа муж улсын Их сургууль ба Эмори их сургуулийн эрдэмтдийн хамтран хийсэн шинэ бүтээл бөгөөд хэдхэн жилийн дараа АНУ-д худалдаанд гаргах гэж байгаа аж.

Наалт нь нэг талдаа вакцин бүхий капсултай бөгөөд нөгөө талд нь хэд хэдэн жижигхэн зүүнүүд байдаг. Наалтыг хэрэглэх үед зүүнүүд нь вакциныг арьсны өнгөн давхаргад нэвтрүүлээд, дараа нь уусдаг байна.

Уг наалт нь уламжлалт аргаар зүүгээр тариулах боломжгүй хүмүүс, ялангуяа трипанофобия буюу тарианы зүүнээс айдаг хүмүүс болон нялх хүүхдүүдэд тун  хэрэгтэй юм.  Түүнээс гадна, ядуу буурай орнуудад хүмүүсийг бөөнөөр нь вакцинжуулж байгаа үед ихээхэн хэрэгтэй зүйл ажээ. Учир нь, наалтыг хөргөгчинд хадгалах шаардлагагүй юм.

Наалт хэрэглэхийн өөр нэгэн давуу тал гэвэл, өвдөлт мэдрэгддэггүй явдал ажээ. Наалтыг сайн дурын 100 хүн дээр туршихдаа тэдэнд нэгэн зэрэг тариа хийсэн байна. Тариа хийхэд өвдөлт илүү их мэдрэгдэж байсан бол наалт хэрэглэх үед бага зэрэг загатнахаас өөр гаж нөлөө байгаагүй аж. 

Тариураас ялгаатай нь уусдаг зүүнүүдтэй наалтыг гэрийнхээ хогийн саванд хаяж болдог.

Х.Сарнай 
 
 

Монгол брэнд