top banner
Шуурхай мэдээ

Ц.Нямдорж: Сонгуулийн дүнд гурван нам дүгнэлт хийх хэрэгтэй


2017-06-29 19:46:28
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.УИХ-ын дэд дарга Ц.Нямдоржоос цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
 
-Монгол Ардын Намын Удирдах зөвлөл сонгуулийн дараа хуралдаж, хариуцлага тооцох талаар ярилцсан. Мөн намын дотор хагарал бий болж, өөр жигүүр байгуулагдлаа гэх мэдээлэл гарсан. Үүнд тайлбар өгнө үү?


-Намайг “МАН задарлаа гэсэн элдэв яриа тарааж байна” гэх сураг дуулдсан. Би зургадугаар 26-ны өглөө 07.00 цагт саналаа өгөөд ажлын шугамаар БНСУ руу яваад өчигдөр орой ирлээ. Тиймээс Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцоогүй. Хоёрдугаарт, гадаадад явж байсан учир ямар нэгэн хариуцлагын талаар ярих боломж байгаагүй. Гуравдугаарт, сонгууль дуусаагүй байна. Дахин санал хураалт явах нь ойлгомжтой болсон. Сонгуулийн санал хураалт дуусч, эцсийн шийдвэр гараагүй байхад хариуцлагын тухай ярина гэж юу байх вэ. Удирдах зөвлөлийн хурлаар аливаа намд байдаг сонгуулийн дараах санал бодол солилцох, зарим хүний сэтгэл санаа сайнгүй байх зэрэг үйл явц болсон л байх. Ямартай ч гарцаагүй үнэн зүйл бол Удирдах зөвлөлийн хуралдаанд миний бие оролцоогүй. Энэ сонгуулийн нэг муухай арга нь хар пиар байлаа. Өмнөх сонгуулийн үеэр гүтгэлэг, мөнгө, хууран мэхлэлт гардаг байсан. Харин энэ сонгуульд нэмэгдэж байгаа холын улбаатай маш муу зүйл бол энэ их монтаж, хар зохиол юм. Үүнд үнэхээр харамсч байна. Сонгуульд хоёр шинэ элемент нэмэгдсэний нэг нь хэвлэлээр дамжсан хар пиар. Нөгөө нь гүйцэтгэх ажлын элемент илт ажиглагдаж байна. 

-МАХН-тай хамтарч ажиллах талаар ярьж байна. Ер нь та хувь хүнийхээ хувьд ямар байр суурьтай байна?

-Солонгосоос өчигдөр ирсэн болохоор нөхцөл байдлыг судалж амжаагүй байна. Баян-Өлгий аймгийн санал хураалттай холбоотой маргаан гарч, түүнийг өнөөдөр дахин тоолж байгаа гэсэн яриа дуулдана лээ. Гэхдээ сонгуулийн үед нэг аймаг, нэг сумын сонгуулийн үр дүн саналын тоог орвонгоор нь эргүүлээд хаячих явдал гардаг л юм. Баян-Өлгий аймагт тийм л юм болсон болов уу гэсэн ойлголттой байна. 2004 оны сонгуулиар Д.Дорлигжав, Ч.Авдай багш өрсөлдөх үеэр тийм тохиолдол гарсан байдаг. Увс аймагт 40 дүгээр тойргийн сонгуулийн дүн гарч Д.Дорлигжав 450 орчим санал авч, нэг сумын санал ирээгүй байсан. Бид дүнг 03.00 цаг хүртэл хүлээсэн. 980 саналаар Ч.Авдай багш илүү гарч 40 дүгээр тойргийн дүнг орвонгоор нь эргүүлсэн. Тиймээс Баян-Өлгий аймагт үүнтэй ижил зүйл болсон байх. Энэ асуудлыг Сонгуулийн ерөнхий хороо нь эцэслэж олон нийтэд хүргэх ёстой. 

-Гурван нэр дэвшигч гурвуулаа 30 гаруй хувийн санал авсан нь сонголтгүй сонгууль гэж яригдахад хүрч байна? 

-Ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн гурван нам гурвуулаа дүгнэлт хийх хэрэгтэй. Энэ сонгуулийн үр дүнг маш нарийн судалж үзэх хэрэгтэй. Үүгээр ард түмэн нэг зүйл хэлээд байна. Ганцхан эрх барьж байгаа намд биш гурвууланд нь хэлээд байна. Үүнд л дүгнэлт хийх хэрэгтэй. Ард түмний сонголт буруу байна гэж байхгүй. Монгол Улсын хамгийн том дарга бол хоёр сая сонгогч. Хаан сонголт гэж нэрлээд байдгийн учир нь тэр. Эцсийн бүх шийдвэрийг тэд гаргадаг. Тиймээс энэ сонгуулиар би олон, чи цөөн санал авсан эсвэл олонх, сөрөг хүчин байсан гэдэг утгаар биш яагаад ийм дүнтэй гарав гэдэгт улс төрд явж байгаа бүх хүн дүгнэлт хийх хэрэгтэй. 

-Танай намын гишүүд сүүлийн үед дотроо зөрчилдөж байна гэсэн мэдээлэл гарч байна. Түүн дотор таны нэр бас явж байсан? 

-Би М.Энхболд даргатай намынхаа Бага хурал дээр нэр дэвшээд гарч ирж чадаагүй. Үүнээс хойш сарын хугацаа өнгөрөхөд бид хоёр ам мурийсангүй. Харин ч морь уяж байгаа уяач шиг би олон газраар дагаж явлаа. Ийм байхад хэдийдээ муудалцах вэ. Нам сонгуулийн дүнгийн талаар ярих нь зүйн хэрэг. Ялсан ч, ялагдсан ч ярина шүү дээ. Ялбал нэг өнцгөөр, ялагдвал бас нэг өнцгөөр ярих нь байдаг л асуудал. МАН хагаралтай байна гэж гүтгэсэн хар мэдээг олон нийтэд хүргэж, ийм намд дахиж санал өгөөд яадаг юм гэсэн сөрөг ухуулгыг хийж л байгаа байхгүй юу. 

-Дахин санал хураалтын үр дүнг та хэрхэн харж байна вэ? 

-Үүнийг тааварлах аргагүй зүйл. 

-Дахин санал хураалтыг хүчингүй болгохын тулд цагаан хуудас хийе гэсэн давалгаа сошиал ертөнцөд яваад байна. Үүнд та ямар байр суурьтай байна вэ? 

-Ард түмний сонголт, сэтгэл зүйг хүндэлж сурах ёстой. Ялагдчихаад гонгиноод байдгаа болих хэрэгтэй. Ард түмний шийдвэр бол шийдвэр. Замаас нь будилуулж, дахин сонгууль явуулж байж өөрөө Ерөнхийлөгч болох санаатай хүн байж мэднэ. Тэр хүмүүс дахин санал хураалтыг будилуулах башир арга хэрэглээд эхэлсэн нь надад мэдрэгдээд байна. Энэ бол буруу. 

-Хэрэв дахин сонгууль болохоор бол Н.Энхбаяр нэр дэвших магадлал бий юу? 

-Үүнийг СЕХ шийднэ. 
 
Б.Туул

Монгол брэнд