top banner
Шуурхай мэдээ

П.Дэлгэрмаа: Хачигт хазуулсан тохиолдолд спиртээр арчиж хошууг нь татаж авах хэрэгтэй


2017-07-03 17:02:41
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Дулааны улиралд иргэд хөдөө орон нутагт амарч, зугаалж чөлөөт цагаа өнгөрүүлэхээс гадна ойт хээр газраар явж жимс ногоо, төрөл бүрийн ашигт ургамал түүх нь элбэгшдэг. Харин энэ үед ойн болон бэлчээрийн хачгийн идэвхжил давхацдаг. Хачиг 11 дүгээр сард ичиж, гуравдугаар сараас хөдөлгөөнд ордог бөгөөд 4-6 сард идэвхждэг аж. Иймээс хачигт халдварын талаар ХӨСҮТ-ийн Агаар дуслын халдварын I тасгийн эрхлэгч П.Дэлгэрмаатай ярилцлаа.

-Хачигт халдварын тархалтыг газарзүйн байршлын хувьд авч үзвэл аль аймагт илүү их тархсан байдаг вэ. Манай оронд хичнээн төрлийн хачиг байдаг юм бол? 

-Судалгаагаар 18 төрлийн 48 зүйлийн хачиг бий гэсэн тооцоо бий. Манай оронд ойн, хээрийн, малын гэсэн гурван төрлийн хачиг бүртгэгдсэн. Ер нь Хэнтий, Булган зэрэг ой ихтэй нутгаар хамгийн элбэг байдаг. Гэхдээ зөвхөн тэнд л байдаг гэсэн үг биш. Ерөнхийдөө ой мод ихтэй газар ойн хачиг бий. Харин бэлчээрийн буюу малын ха­чиг нь тал хээр газар харьцангуй тархалт багатай. Манай улсад хачигнаас үүдэлтэй гурван төрлийн халдварт өвчин оношлогдож, тогтоогдоод байгаа.

-Энэ жил хачигт халдварын тохиолдол өмнөх жилүүдтэй харьцуулбал ямар хэмжээнд байна вэ?

-Манай улсад анх 2006 онд хачгийн энцефалит халдвар бүртгэгдээд эмчлэгдэж эхэлсэн. Харин 2007-2008 оны үед хачгийн дэгдэлт болоод намдсан. Түүнээс хойш цөөн хэлбэрээр хачгийн халдвар тасраагүй. Энэ жилийн хувьд дэгдэлт маягаар явж байна. Гурваас тавдугаар сарын үед хачигт рекозис нь давамгайлж байсан бол зургадугаар сарын сүүлчээс энцефалит үе нь давамгайлж байна. Одоо хачгийн амьдралынх нь идэвхтэй үе нь дуусч байгаа. Одоогийн байдлаар өмнө нь хачигт хазуулаад, ужиг явцдаа байгаа хүмүүс ирж үйлчлүүлж байна.
Энэ жил өмнөх жилээ бодвол хачгийн халдвар их, нас баралт гарсан. Өмнөх жил хачигт хазуулсан 20 орчим тохиолдол байсан бол энэ жил 40 гаруй тохиолдол бүртгэгджээ.

-Одоогийн байдлаар ХӨСҮТ-д хачигт хазуулсан хичнээн хүн хэвтэн эмчлүүлж байна вэ. Ачаалал хэр байгаа вэ?

-Манай тасагт Сэлэнгэ аймгийн Хүдэр, Буганатаас ойн хачгийн халдвартай өвчтөнүүд ирж эмчлүүлж байна. Бусад аймгуудаас хээрийн хачгийн тохиолдол илэрдэг. Хээрийн хачиг нь нянгаар, ойн хачиг нь вирусээр халдварладаг. Энэ жилийн хувьд голдуу Сэлэнгэ аймгаас хачигт хазуулсан хүмүүс ирсэн. Сэлэнгийн Хүдэр, Буганат суманд самар түүгчид, Буганатын алтны уурхайд ажиллаж байсан хүмүүс ойн хачгийн халдвараар өвчилсөн.Бусад аймгаас хээрийн болон малын хачигт хазуулсан тохиолдол илэрсэн. Маш хүнд байдалтай нь хэвтэж эмчилгээ хийлгэдэг. Амбулаториор олон хүн үзүүлж, шинжилгээ өгсөн бол хөнгөн хүмүүс нь гэрээр эмчийн хяналтад, зөвлөгөө авч эмчлүүлж байна. Одоогоор найман өвчтөн хэвтэн эмчлүүлж байна. Ачаалал харьцангуй багассан.
 
-Нэгэнт хачигт хазуулсан тохиолдолд ямар арга хэмжээ авах вэ? 

-Хачиг хүн, амьтны биед шигддэг болохоор тусгай аргаар авахаас нааш төдийлөн унадаггүй. Ма­найхан хачгийг шууд гараараа аваад хаячихдаг. Энэ нь буруу. Хэрвээ халдвартай хачгийн ямар нэгэн хэсэг биед үлдэх юм бол өвчин үүсэх боломжтой. Хачиг байгаа хэсгийг олж, цэнхэр спиртийг цэвэр хөвөн болон даавуунд шингээж 2-3 удаа арчилт хийж, 1-2 минут хүлээхэд хачиг саажиж, мэдээ алдана. Үүний дараа хачгийн хошуу, толгойноос хавчаараар зөөлөн татаж авна. Авсны дараа тухайн хэсгийг спиртээр ариутган, цэвэр боолт хийнэ. Мөн хачгийн хошуу биед шигдэж үлдсэн бол тухайн хэсэг үрэвсэж, улайж хавдана. Хачигт хазуулсан тохиолдолд антибиотик эмчилгээ, хордлого тайлах эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Хэрэв хачигт хазуулбал  яаралтай харьяа эмнэлэгт үзүүлж, шинжилгээ өгөх нь зүйтэй.

-Хачигт хазуулснаа мэдэхгүй тохиолдол гардаг уу. Ямар шинж тэмдэг илэрдэг вэ?

-Хүмүүс хачигт хазуулснаа сайн мэддэггүй юм. Хоёр, гурван хоногийн дараа биенд нь хачиг шигдсэн байгааг харж сугалж авдаг. Хачгийн халдвар нууц үедээ мэдэгддэггүй. Хачгийн халдвар авсннаас 7-14 хоногийн дараа шинж тэмдэг нь илэрнэ. Ойн хээрийн хачигт хазуулсан тохиолдолд толгой хүчтэй өвдөх, өндөр халуурах, гар хөл бадайрах, хүнд тохиолдолд ухаан алдах зэрэг уналт таталтын шинж илэрнэ. Хээрийн болон малын хачигт хазуулбал нянгийн гаралтай учраас үрэвслийн шинж тэмдэг илэрнэ. Энэ үед удаан хугацаагаар өндөр халуурах, биеэр тууралт гардаг.

-Хачигт хазуулахаас хэрхэн сэргийлэх вэ. Голомттой аймгийн иргэдэд дархлаажуулалтын вакцин хийдэг үү?

-Халдварын голомттой ойд онцын шаардлагагүй бол аялж, зугаалахгүй байх нь чухал. Мөн түүхий сүү, шүүрхий мах, зэрлэг амьтдын сүү, цус, цөс, тархи, махыг хэрэглэхгүй байх хэрэгтэй.  Голомттой аймгуудын харьяа Зоонозын халдвар болон Гоц халдвартын албадуудад хачгийн эсрэг вакцин тараадаг. Хачгийн ид үе эхлэхээс нэг сарын өмнө вакцинжуулалтад хамрах хэрэгтэй. Сүүлийн үед ноос, ноолуурын үйлдвэрт ажиллаж байгаа ажилчид хачигт их хазуулж ирдэг болсон. Тухайн иргэд вакцинд хамарч байхад буруудахгүй. Мөн битүү захтай цамц өмсөж, хүзүү хоолойдоо битүү малгай, алчуур зүүх хэрэгтэй. 

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд