top banner
Шуурхай мэдээ

Сувдан хөлс


2017-07-04 10:10:59
Зураг

Наадам дөхөөд ирэхээр хүмүүсийн хамгийн их ярьдаг зүйл морь, бөх хоёр болж хувирдаг. Тиймдээ ч энд “Морины Мо” хэмээх нэрээр үеийн нөхөд, зураач, үзэгчдийнхээ дунд нэрлэгддэг Г.Мөнхбаатарын “Судван хөлс” үзэсгэлэнгийн тухай ярих гэсэн юм.

Тэрээр хэдхэн хоногийн өмнө “Q art” галлерейд хурдан морины ид хав, нисэх мэт дүүлэх дөрвөн туурайн ид шидийг үлгэр домгийн хэлээр хүүрнэх мэт сэтгэгдэл төрүүлэхүйц үзэсгэлэнгээ нээсэн билээ.

Түүний бүтээлүүд дунд улсын их баяр наадамд олон удаа айрагдаж түрүүлсэн Монгол Улсын Манлай уяач Д.Даваахүүгийн “Цолмон халтар”, Д.Ононгийн “Хээр”, Б.Наранхүүгийн “Ажнай шарга”, Хөвсгөл аймгийн уяач Н.Болдбаатарын “Халиун” болон бусад уяачдын хурдан хүлгүүдийн зургийг дэлгэн харуулжээ.

Монголын хурдан шандаст хүлгүүдийг цувралаар зурж, жил бүрийн наадмын өмнө олны хүртээл болгож байхийг зорьсон уран бүтээлч маань анхны үзэсгэлэнгээ “Сувдан хөлс -1” гэж дугаарласан аж.

Г.Мөнхбаатарын үндсэн мэргэжил зураач боловч яруу найрагч, уран бичээч, хөтлөгч, багш, уяач гээд олон мэргэжилтэй нэгэн юм. СУИС-ийн Дүрслэх урлагийн сургуулийг дүүргэсэн тэрээр “Их Монгол” их сургуульд суралцан Төрийн шагналт зохиолч Дармын Батбаяр, утга зохиол судлаач П.Батхуяг нараас номын хишиг хүртэж төгсчээ. Яруу найргийн ном нь хэдийнэ уншигчдын хүртээл болжээ. “Хөх бичиг академи” төрийн бус байгууллагыг байгуулж, тэргүүнээр нь ажилладаг. Уг академийнхаа дэргэд монгол уран бичлэгийн сургалт зохион байгуулж олон арван шавьтай болсон төдийгүй төр засгаас түүний хичээнгүй хөдөлмөрч зан, бүтээсэн үйл хэргийг нь үнэлж Монгол Улсын Соёлын Тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнажээ.



Тус үзэсгэлэнд 21 шигшмэл хурдан хүлгүүдийн зураг дэлгэгдсэн байна. Зураач өөрөө “олон жил морь зурж байгаа хүний хувьд бие даасан анхны үзэсгэлэнгээ утга агуулга, ерөөл бэлгэдэл тэгш дүүрэн зохион байгуулахыг хичээж байна. Тиймээс бэлгэдлээ бодоод 21 гэсэн тоог сонгосон юм” хэмээсэн билээ.

Адууны шинжийг уран зурагтай хослуулах нь

Хурдан морь болгон ямар нэгэн амьтны шинжийг өөртөө агуулсан байдгийг морины тухай ном, судар бичигт тэмдэглэсэн нь олонтаа. Манай малчин ардууд олон үеийн турш хийсэн цөхрөлтгүй ажиглалтынхаа үр дүнд хурдан морь таних, уяж сойх талаар асар их туршлага хуримтлуулж нэгэн зүйл сургуулийг бий болгожээ. Адууны толгойг хэлбэр дүрсээр нь хонин, туулайн, хүдрийн, мэлхийн, араатан толгой гэх зэргээр тав, зургаан хэсэгт хувааж болох юм. Эдний дотроос туулайн болон мэлхийн толгойтой адуу сайн байдаг. хоёр сайн. Хурдан морийг шинжиж танина гэдэг тун бэрх, морь морины бие бялдраас болж шинж нь харилцан адилгүй байна. Харин зураач Г.Мөнхбаатар муухан уяачаас илүү морь таних эрдэмд гаршсан нэгэн болохыг зурсан бүтээлүүдээс нь харж болно.

Жишээ нь тэрээр Ононгийн хээр морийг араатан толгойтой буюу ирвэстэй жишин зурсан бол Болдбаатарын халиун азрагыг шувуун толгойтой буюу шаазгатай зүйрлэн зуржээ. Буган шинжийн адууг бугатай, чонон шинжийн адууг чонотой хамт зурсан нь ажиглагдана.

Чингэхдээ газар тэнгэр уусан нэгдсэн чөлөөнд хүлэг морь, амыг нь хадгаар хүлсэн амьтантай цуг уралдаж буйгаар зурсан нь нэн анхаарал татна. Монголын эртний үлгэр домог, туульд дүрслэгддэг эрэмгий хүлгүүдийг хараад зогсч байх шиг гүн сэтгэгдлийг түүний зургууд төрүүлдэг.

Уламжлалт домын аргыг уран зурагтай хослуулах нь

Монголчууд эртнээс чоно гэдэг амьтны хийморь сүлдийг бэлэгшээн дээдэлж өвөг дээдэс минь мөнх тэнгэр, хөх чононоос гаралтай хэмээн үздэг асан билээ.  Тиймээс ч Г.Мөнхбаатар монголчуудын уламжлалт сэтгэхүйд байдаг хийсвэрлэл, монгол домын аргуудын уран бүтээлдээ маш нарийвчлалтай тусгасныг түүний зургуудаас харж байна.

Жишээ нь, чоно, адуутай хамт давхиж явааг зурахдаа амыг нь хадгаар боосон нь энэ хоёр амьтан хоорондоо харшилдахгүй гэсэн утга санааг илэрхийлсэн хэрэг. Адуу мал хээр хонох үед айлын эзэгтэй малаа хээрийн амьтны хоол болохгүй эсэн мэнд байхыг бодолцож галын хайчныхаа амыг хадгаар боож хатавчиндаа тавьдаг өвөг дээдсээс уламжлагдан ирсэн дом шившлэгийн арга буй. Үүнийг зураач таньж мэдээд, уран зурагт ийнхүү үзүүлсэн нь нэн олзуурхууштай.



Эрс шинэчлэлт


Тус үзэсгэлэнгээс онцлох дараагийн зураг бол яалт ч үгүй зураач Г.Мөнхбаатарын “Парисын дарь эхийн сүм” бүтээл байлаа. Алдарт зохиолч Хюгогийн уг роман “Эх дагинын сүм” нэртэйгээр монгол хэлнээ орчуулагдаж байсан юм.

Зураач Г.Мөнхбаатар уг бүтээлдээ монгол ахуйг шигтгэж өгсөн нь ихээхэн сонирхол татна. Угтаа бол энэ нь зураачийн ертөнцийг үзэх үзэлтэй шууд холбоотой мэт. Ямартаа ч зургийн тухай яриахаас өмнө зураачийн бодлыг сонсох хэрэгтэй болж байна.

“Нүүдэлчин Монголчуудын байгаль ан амьтантайгаа харилцдаг олон нарийн аргуудын доторхи далдын зөн сэрэхүйн илэрхийлэл /шаазгайн шагшираа, хэрээн хэл, адууны богч/ эл зурганаа шингээж “Парисын дарь эхийн сүм” хэмээх дэлхийн сонгодог зохиолыг монгол бэлгэдлээр илэрхийлж үзүүлсэн болно” гэжээ.
Зохиолд гарах уран сайхны өгүүлэмж, далд бэлгэдэлүүдийг монгол ахуйгаар дүрслэн үзүүлсэн нь шинэлэг санааг илтгэж байна. Монгол үндэстний аж амьдралын өвөрмөц онцлогийг дэлхий дахинд илтгэн харуулах гол тулгуур нь манай орны өвөрмөц зан заншилтай шууд холбоотой байдаг. Мөнхүү уран зурагт үндэсний хэв шинжийг илтгэсэн хээ угалз, түүний дүрслэл, бүтэц, хувилбар, бэлэгдлийн чанараараа  төрөл бүрийн ахуйн зориулалттай. Ингэж  ахуйн хэрэгцээний онцлог холбоотойгоор зурсан бүтээлүүд олон янзын арга барилаар хөгжиж байсан нь түүхийн дурсгал болон үлдсэн юм.



Зураач маань “Хар цагаан илэрхийлэмж нь: Гэрэл сүүдэр, хар цагаан, сайн муу зэргийг төсөөлж чадах утга билээ. Тиймээс Квазимодог хар өнгөөр Эсмералдаг цагаан өнгөөр бүтээсэн болно. Энэ зохиолыг жүжиг болон киноны хэлээр үзүүлэхдээ гол дүр болсон Квазимодог царай муутай, бөгтөр, дүлий байдлыг нь шууд илэрхийлсэн бол эл зурагнаа түүний дотоод гоо сайхныг илүү чухалчлан ганган гоёмсог хар азрагаар төлөөлүүлж гадаад үзэмжийнх нь сул талыг адуу богчлох аргад шилжүүлэн харуулсан юм. Эсмералдаг цагаан адуугаар /гүү/ төлүүлэн зурсан нь гоо үзэсгэлэн, сайхан сэтгэлийг нь илтгэсэн. Уг дүрийн гоо сайхныг шаазгайн шагширалтаар илэрхийлсэн. Учир нь шаазгай шагширахаар сайн сайхныг үглэн дуудаж байна гэж билэгшээдэг ёстой агаар нэгэн буй. Хамба ламыг хэрээгээр төлөөлүүлсэн нь өрнө хийгээд дорно дахинд хэрээг амны билэгдэл муутай шувуу хэмээн үздэгтэй холбоотой. Хэрээний хөлийг хонхны гинжтэй хүлээтэйгээр зурсан нь гол дүр болох Эсмералдад хайртай хэрнээ сүмийнхээ сахил санваарт баригдан түүнийг эхнэрээ болгон авч чадахгүйг харуулсан болно” гэх бүтэн тайлбарыг хийжээ. Энэ бүхнээс үзэхэд тус зурагт бүрэн шинэчлэл хийгдэж чадсан мэт санагдана. Өмнө нь сонгодог бүтээлүүдийн дүрийг уран зурагт ингэж амилуулж чадсан бүтээлчид ховор байдгийг уншигчид сайн мэдэх биз ээ.



Бүх зүйл уусч, сарниж, хоорондоо эвцэлдэж, биесээ тусгаарлах мэт түмэн зүйлийн хөдөлгөөн таны дотор нэгээхэн хоромд үүсч байвал та Г.Мөнхбаатарын зургуудаас авах ёстой мэдрэмжийг зуун хувь хүртэж чаджээ гэсэн үг.
Б.Алтанхуяг
Гэрэл зургийг Б.Чадраабал

 

Монгол брэнд