top banner
Шуурхай мэдээ

Ж.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн сонгуулийг гадны хөрөнгө оруулагчид анхааралтай ажиглаж байгаа


2017-07-07 12:56:40
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр Баянзүрх дүүргийн 1731 дүгээр хэсгийн хороонд очиж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад санал өгөв.

Тэрбээр санал өгөх үедээ, “Өнөөдөр монголчууд төрийн тэргүүнээ сонгох түүхэн мөчид тулж ирээд байна. Энэ сонгуулийг гадны олон ажиглагчид ажиглаж байна. Мөн гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид ч анхааралтай ажиглаж байгаа. Манай Засгийн газар байгуулагдаад нэг жил болж байна. Гадны төдийгүй дотоодын хөрөнгө оруулагчид Монголын төрийн бодлого тогтвортой байхыг хүсч байгаа. Бид ч өнгөрсөн хугацаанд хөрөнгө оруулагчдын итгэлийг олж, санхүүжилт татах замаар иргэдийг ажилтай орлоготой байх боломжийг бүрдүүлэхийн төлөө ажилласан. Үүний үр дүнд хагас жилийн дотор 5900 иргэн ажилтай боллоо” гэлээ.

Мөн тэрбээр иргэдийг хоёр дахь шатны санал хураалтад идэвхтэй оролцохыг уриалаад удахгүй болох Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв.
Ч.Ариунболд
Гэрэл зургийг Н.Батбаяр

Монгол брэнд