top banner

Дээлтэй Хэнтийчүүд наадам зохион байгууллаа


2017-07-11 12:52:30
Зураг
Хэнтий /МОНЦАМЭ/ Эзэн Чингис хаадын өлгий нутаг Хан Хэнтий нутгийн зон олон өргөн дэлгэр сайхан наадаж байна. Энэ жилийн баяр наадмын нэгэн онцлог арга хэмжээ Дээлтэй Хэнтийчүүд  анхдугаар наадам байлаа.

Үндэсний өв соёлоо дээдлэх, түгээн дэлгэрүүлэх монгол үндэсний дээл хувцасаа хүүхэд залууст сурталчлан таниулах зорилготой тус наадмыг Хэнтий ТВ санаачлан зохион байгуулсан юм.
Дээлтэй Хэнтийчүүд наадам 6 номинацаар зарлагдан явагдсан ба Үндэсний өв соёлоо дээдлэгч Гэр бүл, Үндэсний өв соёлоо дээдлэгч Шилдэг хос, Үндэсний өв соёлоо дээдлэгч хамт олон, Өв уламжлалаа дээдлэгч Шилдэг залуу үе, Уран гангараа фото зургийн уралдааны шилдэг оролцогчийг тус тус шалгарууллаа.

Үндэсний өв соёлоо дээдлэгч Гэр бүл номинацид тэргүүн байрыг 70 настай буурал  Ц.Дамдинсүрэн гуайн гэр бүл хүртсэн бол дэд байранд залуу гэр бүл А.Алтан-Одын гэр бүл шалгарлаа. Уламжлалаа дээдлэгч Шилдэг залуу үеэр монгол үндэсний иж бүрэн хувцаслалтаараа Б.Цогзолбоо тэргүүн байр, эгч дүүс Ө.Оюунтүлхүүр, Оюунтөгс  нар дэд байранд шалгарсан юм. Үндэсний өв соёлоо дээдлэгч Хамт олноор Монгол оршихуй ТББ тэргүүн байранд шалгарч, Нөмрөг алтай ХХК дэд байранд шалгарлаа. Уран гангараа фото зургийн уралдааны тэргүүн байранд А.Алтаншагай охин Б.Аялгуугийн хамт, дэд байрыг Б.Мөнх-Эрдэнэ эзэллээ.

Тус наадмын хамтран зохион байгуулагчаар Хэнтий аймгийн нутгийн зөвлөл, Хэнтий аймгийн ИТХ, Хэнтий аймгийн баяр наадам зохион байгуулах комисс ажилласан бол, ивээн тэтгэгчээр Онон хэвлэлийн газар, Гэрэл экспресс фото студийн газар ажилласан байна.

Дээлтэй Хэнтийчүүд наадам  анхны жилдээ ийнхүү зохион байгуулагдаж, нийт  100 гаруй иргэд оролцов. Санаачлан зохион байгуулагч Хэнтий ТВ-ийн зүгээс ирэх жил аймгийнхаа 95 жилийн ойгоор илүү өргөн дэлгэр зохион байгуулахаа илэрхийллээ.
 Д.Одонтунгалаг
 

Монгол брэнд