top banner
Шуурхай мэдээ

Харваачдад улсын цол олгов


2017-07-12 17:12:15
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын сурын харваанд тэргүүн байранд шалгарч, улсын цолны болзол хангасан харваачдад Ерөнхийлөгч Х.Баттулга цол, тэмдэг болон бай шагналыг гардуулав.

Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харвааны эрэгтэй төрөлд Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул, ХХЕГ-ын 208-р анги Хилчин спорт хороо, Есүнхэй мэргэн клубийн харваач Монгол Улсын мэргэн Б.Ёндон түрүүлж даян мэргэн цолны болзол, эмэгтэй төрөлд Дорнод аймгийн Дашбалбар сумын уугуул Алдар спорт хороо Зэвсэгт хүчний 284-р ангийн харваач, Жем Интернэйшл компанийн харваач Монгол Улсын спортын мастер, аймгийн мэргэн Б.Баярчимэг тэргүүлж улсын мэргэн цолны болзол хангасан.

Харин буриад сур харвааны эрэгтэй төрөлд Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул, Орхон аймаг, Хангарьд спорт хорооны харваач, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн тамирчин, Буриад сурын спортын мастер Н.Өлзийхутаг, эмэгтэй төрөлд  Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын уугуул, Улаанбаатар хот, Алдар спорт хорооны харваач, Жем интернэйшнл компаний тамирчин Б.Баярчимэг нар тэргүүлж, улсын мэргэний болзол хангасан юм.

Урианхай сурын харваанд Баян-Өлгий аймгийн Булган сумын харьяат, Төв аймгийн “Зуун мэргэн” холбооны харваач, спортын мастер Д.Баттулга тэргүүлж, улсын мэргэний болзол хангасан.

Харин хүүхдийн сур харвааны эрэгтэй төрөлд Баян-Өлгийн аймгийн Буянт сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Жем интернэшнл” багийн харваач Х.Цогтбаяр, эмэгтэй төрөлд Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын 10а ангийн сурагч А.Даваадулам түрүүлсэн. Балчир насны хөвгүүдийн ангилалд 93-р  сургуулийн 2в ангийн сурагч Б.Маргад-Эрдэнэ, Орхон аймгийн Баян-Өндөр цогцолбор сургуулийн 1а ангийн сурагч Г.Нандинхишиг нар тэргүүлсэн юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Б.Чадраабал

Монгол брэнд