top banner

“Явдаг үхдэлүүд” цуврал киноны зураг авалтын үеэр орлон тоглогч амиа алджээ


2017-07-16 09:06:39
Зураг
НЬЮ-ЙОРК./TASS/. Жоржиа мужид орлон тоглогч Жон Бернекер “Явдаг үхдэл” цуврал киноны /The Walking Dead/ зураг авалтын үеэр золгүй тохиолдол болсны улмаас биедээ хүнд гэмтэл аван амиа алджээ.  Энэ тухай бямба гарагт уг цуврал киног гаргаж буй AMC телевиз мэдээллээ.

“Хүнд гарз тохиолдсонд бид гүнээ эмгэнэж байна. Жон Беркенер үүрд мөнхөд “Явдаг үхдэл” цуврал киноны уран бүтээлч хамт олны нэг хэсэг байх болно. Бид сэтгэл зүрхээрээ Жиммигийн гэр бүл, төрөл төрөгсөд, найз нөхөдтэй хамт байж түүний төлөө залбирч байна” гэж тус телевизийн удирдлагын эмгэнэлд өгүүлжээ. 

Өнгөрсөн баасан гарагт болсон эмгэнэлт хэргийн нөхцөл байдлын талаарх мэдээлэл байхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр жүжигчин өндрөөс унан нуруу нугасны хүнд гэмтэл авсны улмаас нас барсан гэжээ.

Америкийн кино жүжигчид, орлон тоглогчдын эрх ашгийг хамгаалдаг үйлдвэрчний эвлэл Жон Беркенерийг ур чадвар сайтай мэргэжлийн жүжигчин гэдгийг онцлон дурдаад, түүний нас барсныг “эмгэнэлт явдал, хүнд гарз хохирол” тохиолдлоо гэжээ. Тус цуврал кинонд тоглосон жүжигчин Норман Ридус Instagram дахь хуудсандаа “Беркенер хүн бүрт үгүйлэгдэх болно” гэсэн бол Мэгги Ри-гийн дүрд тоглосон Лорен Кохэн “энэ хүнд гарз хохирол, хагацал гашуудлыг үгээр хэлж чадахгүй байна” гэжээ.

Эндрю Линкольн, Чендлер Риггз, Мелисса Сюзанн зэрэг жүжигчид тоглож буй “Явдаг үхдэл” цуврал нь АНУ-д ихээхэн нэрд гарч буй кино юм. 2011 онд уг кино Америкийн “Алтан бөмбөрцөг” кино шагналын “Шилдэг драмын цуврал кино” номинацид өрсөлдөж байжээ.
О.Барс 



Монгол брэнд