top banner
Шуурхай мэдээ

Испанийн "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжиг Монголын тайзнаа


2017-07-16 12:18:51
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, Испани улстай дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн хүрээнд Испанийн соёл урлагийг Монголд сурталчлан таниулах, цаашид хоёр орны соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор Испанийн "L’Home Dibuixat" театрын "Помодорогийн адал явдал" хүүхдийн жүжгийг энэ сарын 18,19-нд  "Корпорейт конвеншн центр”-т тоглоно.

Энэхүү хүүхэлдэйн жүжиг нь дуу, дүрсний эффектээр баяжуулсан, дэлгэц болон тайцан дээрх харилцан яриагаар өрнөдөг бөгөөд 2015 онд нээлтээ хийснээс хойш Франц, Испани, Польш, БНХАУ, БНСУ зэрэг улсад нийт 50 гаруй удаагийн тоглолт хийжээ. 
 
Жүжигт эгэл жирийн нэгэн хүү өөрийн авьяас билэг, олныг алмайруулсан тоглолт хийдэг циркийн жүжигчин болох мөрөөдлөө биелүүлэхийг зорино. Гэвч түүнээс өөр хэнд ч тэрхүү мөрөөдөл сонин биш, бүр шоолж, үл тоож байлаа. Цаг хугацаа улиран одож бяцхан хүү мөрөөдлөө зүрхэндээ тээсээр л... Нэг л өдөр тэрээр мөрөөдлийнхөө үнэ цэнийг ойлгоход туслах нэгэнтэй учирч мөрөөдөлдөө хүрэх эхний алхмаа хийнэ. Тэрхүү мөрөөдөгч хүү бол зохиолын гол баатар буюу Помодоро юм.
 
Гэр бүлийн бүх гишүүдэд зориулсан тус жүжгийн тасалбар нь 30 мянган төгрөг бөгөөд  www. ticket.mn, 1900-1800 үнэгүй хүргүүлэх боломжтой.
Ж.Болор


Монгол брэнд