top banner
Шуурхай мэдээ

Олон улсын математикийн 58 дугаар олимпиад Олимпын хотод нээгдлээ


2017-07-18 11:29:37
Зураг
РИО-ДЕ-ЖАНЕЙРО./TASS/. Олон улсын математикийн олимпиад даваа гарагт Бразилын Рио-де-Жанейро хотод эхэллээ. Зохион байгуулагчдын ярьснаар, энэ удаагийн олимпиадад түүхэнд хамгийн олон улс орон оролцож байна.

Олимпиадын нээлтийн ёслолын үеэр Бразилын Суурь ба хавсарга математикийн хүрээлэнгийн ерөнхийлөгч Марселу Виана үг хэлэхдээ "тус арга хэмжээнд оролцохоор дэлхийн 112 улсын 623 залуу математикчид хүрэлцэн ирсэн" гэдгийг мэдэгдлээ.

Дашрамд дурдахад, олон улсын математикийн анхдугаар олимпиад 1959 онд Румын улсад болж, түүнд 7 орны дунд сургуулийн сурагчид оролцож байв. Тэр цагаас хойш энэхүү арга хэмжээ жил бүр /1980 оныг эс тооцвол/ болж байгаа юм. Энэ удаагийн олимпиад 58 дахь удаагаа, Бразил улсад анх удаагаа зохион байгуулагдаж байна. 

Олимпиадын нээлтийн ёслол тус хотын баруун дүүрэг дэх Атлантын далайн Барра-да-Тижука эрэгт орших нэгэн зочид буудалд болж, Олимпын тоглолтын адилаар оролцогчид улс орныхоо далбааг барин жагсчээ.

Тус олимпиадын хүрээнд 20-ны өдөр “Шинжлэх ухаан дахь эмэгтэйчүүдийн үүрэг оролцоо” гэсэн сэдвээр дугуй ширээний ярилцлага болох юм.
О.Барс      

Монгол брэнд