top banner
Шуурхай мэдээ

Баяр наадмын талбайд 30 унаач хүүхэд зэрэг марзайлна


2017-07-26 15:51:30
Зураг
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн баяр наадам маргааш эхэлнэ. Төрийн их баяр наадам гэдэг утгаараа нээлтийн үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг. Энэ жилийн хувьд тус аймгийн баяр наадмын нээлт болоод хүндэтгэлийн тоглолтонд дан ардын авъяастнууд оролцож байгаагаараа онцлог юм. Нээлтийн үеэр ердийн хөсөг, морьтны жагсаал, 30 хүүхэд нэгэн зэрэг гийнгоон дуу хадаан марзайлах зэрэг шинэлэг үйл явдлууд болох юм байна.

“Аймгийн баяр наадмын нээлтэнд зориулж Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн гуайгаар цомнол бичүүлсэн. Монгол төрийн үндэсний их баяр наадмын нээлт гэдэг бол хүндэтгэлийн тоглолт юм гэдэг зарчмыг бид чиглэлээ болгон ажиллаж байна. Гэхдээ аймгийнхаа түүхт ойгоор зайлшгүй нэр нь дурсан хүндэтгэх ёстой гэсэн хүмүүсийнхээ дүрийг тоглолт маягаар талбайдаа толилуулна. Тэрнээс биш наадмын нээлтийг тэр чигээр нь түүхчилсэн, үечилсэн драм болгоно гэдэг утгагүй зүйл. Мөн бид ердийн хөсөг, морьтны жагсаал гэдэг зүйлийг шинээр оруулж ирнэ. Наадмын төв талбайд 30 хүүхэд гийнгоо, марзай хадаана гэдэг бол шинэлэг зүйл болно гэж бодож байгаа. Баярын нээлт, тоглолтонд жилийн жилд театрын уран бүтээлчид оролцдог байсан. Харин энэ удаад Сүхбаатар-75 соёл урлагийн наадамд оролцсон шагналтнууд болох 50 гаруй ардын авъяастнууд манай баяр наадмын нээлт болоод хүндэтгэлийн тоглолтод оролцож байна. Энэ жилийн гол онцлог бол энэ. Ер нь урлаг уран сайхны арга хэмжээг шинэ соргог байлгах тал дээр анхаарч ажиллаж байна. Театрын мэргэжлийн багш нар болоод МУСТА, хөгжмийн зохиолч Ш.Батсайхан, н.Гунаажав гээд олон хүмүүс энэ ажилд гар сэтгэлээ зориулан, хүч гарган ажиллаж байгаа. Ардын авъяастнууд маань сум сумдаас ирсэн учир тэднийг нэг дор тав тухтай бйаруулах, бэлтгэл сургуулилтанд нь нэгдсэн унаагаар зөөх, хоол ундаар хангах гээд аймаг орон нутгийн удирдлагууд ч маш сайн дэмжиж байгаад баяртай байна. биднийг баяр наадмын бэлтгэл сургуулилтаа хийх бүхий л боломжоор хангаж байгаа. Хэдийгээр цөөн хоног бэлдсэн боловч өдөр болгон илүү цагаар ажиллалаа уран бүтээлчид маань. Одоогоор тоглолтын бэлтгэл 90 гаруй хувьтай байна...” хэмээн найруулагч З. Далай хэллээ.
Т. Одончимэг 

Монгол брэнд