top banner
Шуурхай мэдээ

Б.Ганбаатар: Өмгөөлөгч бол хүний эрхийн манаанд зогсож байдаг хүмүүс


2017-07-27 15:14:14
Зураг
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол-Оросын өмгөөлөгчдийн спортын наадам Улаанбаатар хотноо анх удаа энэ сарын 28-30-ны өдрүүдэд болохтой холбогдуулж Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатартай ярилцлаа.
 
-Хоёр орны өмгөөлөгчдийг хамруулсан спортын наадмын талаарх мэдээллээр яриагаа эхлэх үү?

-Монголын Өмгөөлөгчдийн холбоо, ОХУ-ын Сибирийн тойргийн өмгөөлөгчдийн байгууллагуудтай хамтран ажиллаж ирсэн. Ялангуяа спортын чиглэлээр таван жил дараалан Сибирийн тойргоос нааш байгаа орон нутгийн өмгөөлөгчдийн дунд тэмцээн зохион байгуулдаг уламжлал тогтсон. Өнгөрсөн 5 жилд ОХУ-ын Красноярск, Томск, Кемерова, Хакас, Эрхүү хотод энэхүү тэмцээн болж байв. Энэ оных нь энэ сарын 28-30-нд манай улсад болох бөгөөд ОХУ-аас 230-аад, Монголын талаас 80, нийтдээ 300 гаруй өмгөөлөгч цуглана. Наадам хөл бөмбөг, одон бөмбөг, шатар зэрэг 7 төрлөөр болох ба 100 гаруй өмгөөлөгч оролцох юм.

Мөн үеэр Хууль зүй, дотоод хэргийн яам, Хуульчдын холбоо, Өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх онол практик” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 29-нд зохион байгуулна. Тус хуралд Хууль зүй, дотоод хэргийн сайд, УИХ-ын гишүүд, ОХУ, БНХАУ-ын өмгөөлөгчдийн төлөөлөл нийт 70 гаруй хүн оролцож, нийт 6 илтгэл тавих юм. Илтгэлийн хүрээнд эдгээр улс орнууд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажиллагааг хэрхэн явуулж байна вэ, ямар арга замыг сонговол ач холбогдолтой байна вэ гэдэг дээр санал бодлоо солилцож, тэднээс суралцах явдал юм.

Түүнчлэн энэ жилээс эхлэн наадмыг өргөн хүрээнд зохион байгуулж байя гэсэн саналаа ОХУ-ын талд тавих гэж байна. Ийм учраас Хууль зүй, дотоод хэргийн сайд эл арга хэмжээнд оролцохоор ирсэн ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзахаар болсон. 

-Өмгөөлөгчдийн холбоо хөрш орнуудын ижил төстэй байгууллагуудтай хэрхэн хамтарч ажиллаж байна вэ. Энэ хүрээнд хэдий тооны хамтын ажиллагааны баримт бичгийг үзэглээд байна вэ?

-БНХАУ-ын Өмгөөлөгчдийн холбоотой бид олон жилийн хамтын ажиллагаатай. Хамгийн сүүлд энэ оны зургадугаар сарын сүүлчээр БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Нэг бүс-Нэг зам” хөтөлбөрийн номын нээлтэд оролцлоо. Энэ үеэр БНХАУ-ын Өмгөөлөгчдийн холбоотой Монголын Өмгөөлөгчдийн холбоо санамж бичигт гарын үсэгт зурсан. Ингэснээр дэлхийн түвшинд хэрэгжиж буй тус төсөлд манай улсын өмгөөлөгчид оролцох боломж нээгдэж байгаа юм. Харин энэхүү том төсөлд гар бие оролцохын тулд хуульчдаа хэрхэн бэлтгэх вэ гэдэг дээр бодолцох ёстой болж байна. 

БНХАУ-ын ӨМӨЗО-ны Өмгөөлөгчдийн холбоотой хоёр жилийн өмнө хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурсан. Энэхүү үйл ажиллагааг манай иргэд ашиглах боломжтой. Өөрөөр хэлбэл, хэрэв Өвөрмонголын Хөх хотод манай хэн нэгэн иргэн төлбөрийн чадваргүй байгаа тохиолдолд үнэ төлбөргүй зөвлөгөө авах бололцоотой гэсэн үг. Хөх хотод ажиллаж байгаа өмгөөлөгчдийн 60 хувь нь монгол хэлтэй, үлдсэн 40 хувь нь хятад хэлтэй байдаг нь их давуу тал болдог.

БНХАУ-ын өмгөөллийн байгууллагатай ажилладаг шигээ ОХУ-тай өргөн хүрээнд хамтран ажиллаж чадахгүй байна. Харин одооноос эхлэн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх чигтэй ажиллаж байна. Учир нь ОХУ руу манай иргэд визгүй зорчдог болсон. Үүнтэй холбоотой иргэдийн зорчих урсгал жилээс жилд нэмэгдэж байна. Зорчих хөдөлгөөн ихэссэнээр эрх зүйн туслалцаа авах явдал мөн өсч байна. Тиймээс энэ үеэр хамтын ажиллагааны бичигт гарын үсэг зурах саналаа манай талаас албан ёсоор тавина. Ер нь хоёр улсын хоорондын өмгөөллийн байгууллагын хамтын ажиллагаа хэр зэрэг өргөн байна, төдий чинээ иргэнд эрх зүйн туслалцаа хүрч байдаг.

-Танай холбоо хэдэн гишүүнчлэлтэй вэ. Ер нь нэг өмгөөлөгчид оногдож буй ажлын ачаалал хэр байдаг вэ?

-Манай холбоо 1200 гишүүнтэй. Монголын Өмгөөлөгчдийн холбоо бол сайн дураараа мэргэжлийн дагуу нэгдсэн мэргэжлийн байгууллага. Ирэх онд бид Монгол Улсад өмгөөллийн байгууллага байгуулагдсаны 90 жилийн ойг тэмдэглэнэ. Бид цаашид эрх зүйн байдлыг нь улам боловсронгуй болгох шаардлага бий. Тиймээс бид энэхүү наадмын хүрээнд өмгөөлөгчдийн эрх зүйн байдлын тухай асуудлаар ярилцлага зохион байгуулна. 

-Сүүлийн үед өмгөөлөгч болох хүсэлтэй залуус хэр олон байна вэ. Холбооны гишүүдийг харахад залуус хэр жин дарж байна вэ?

-Өмгөөлөгч болох хүсэлтэй хүн маш их байдаг. Гэтэл хүсэлтэй нь өмгөөлөгч болдоггүй. Өмгөөлөгч гэдэг бол хүний эрхийн манаанд зогсож байдаг хүмүүс. Өмгөөлөгч бол тэтгэвэрт гардаг мэргэжил биш гэж ч ойлгож болно. Гэтэл энд нэг анхаарвал зохих асуудал байна. Өмгөөлөгч болоход тавигдах шаардлагыг өнөөгийн нөхцөлд зөөлрүүлсэн. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль гарснаар өмгөөлөгчийн дахин сонгон шалгаруулахаа больсон. Тус хууль гарснаар Өмгөөллийн тухай хуулийг хүчингүй болгосон. Тэгснээр манай үйл ажиллагаа Төрийн бус байгууллагын тухай хуулиар зохицуулагдаж байна. Өмнөх хуулиар Хуульчийн сонгон шалгаруулалтад орсны дараа өмгөөлөгчийн шалгалтад дахин ордог. Үүний дараа Өмгөөлөгчдийн холбооны клиник сургалтад хамрагдаад улмаар хүний эрхийн манаанд зогсдог байсан. Энэ бол манай салбарын хамгийн эхэнд засч залруулах асуудал болоод байна.   

-Хил хязгаар нээлттэй болсноор та бүхний үйл ажиллагааны цар хүрээ тэлсэн байх. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууддаа хэр хүрч ажиллаж байна вэ?

-Харийн оронд ажиллаж амьдарч байгаа иргэдийн энэ тэргүүнд тавих ёстой асуудал бол эрүүл мэнд. Дараа нь эрх чөлөө. Энэ хоёр асуудал маш чухал. Бид гадаадад амьдарч байгаа иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэхийн тулд вебсайтаа монгол, орос, англи хэл дээр гаргасан. Дэлхийн хаанаас ч манай улсын иргэд www.ama.org.mn сайтад хандах бололцоотой. Мөн манай сайт дээр гишүүн бүрийн танилцуулга бий. Тэдгээр танилцуулгыг үзээд бидэнтэй холбогдож болно.

-Аливаа нэг уулзалт ширээний ард болдог. Гэтэл танай уулзалт спортын дэвжээн дээр болох нь. Ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Энэхүү тэмцээнийг уламжлал болгосноор талууд хүлээдэг болсон байна. Өмгөөлөгчид маань бие биетэйгээ танилцаж, харилцдаг болжээ. Ер нь тэмцээний уур амьсгал, ач холбогдол их тэлсэн. Нэг жишээ хэлэхэд, манай хөл бөмбөгийн баг Испанид өнгөрсөн онд болсон Дэлхийн хуульчдын хөл бөмбөгийн тэмцээнд оролцоод гурав хожиж, гурав тэнцсэн. Тэрхүү тэмцээн дээр бид Бразилийг хожсон. Бразилчууд “Монгол гэж ямар улс байдаг юм бэ” гэж зорьж ирж байсан. Энэ жил Азийн Өмгөөлөгчдийн байгууллагын хөл бөмбөгийн тэмцээнд мөн оролцлоо.
 
-Спортоос гадна мэргэжлийн уулзалт, бага хурал болох нь. Манай өмгөөлөгчид хөршүүддээ үзүүлэх харуулах амжилт ололт юу байна вэ. Манайхны давуу тал юу вэ?

-Давуу тал байлгүй яахав. Өнөөдөр дэлхий нийтийн анхаарал Монгол руу чиглэж байна. Дотоодын хөрөнгө оруулалтын орчныг манай өмгөөлөгчид л сайн мэднэ. Тиймээс гадны хөрөнгө оруулагчид, хуульчид манайханд хандах нь ихэссэн. Сүүлийн үеийн статистикийг харахад шүүхэд очилгүй зөвхөн зөвлөгөө өгөх үйл ажиллагаа эрхэлж буй 200-гаад өмгөөлөгч ажиллах болсон байна.

 
Б.Туул
Гэрэл зургийг Н.Батбаяр

 
 

Монгол брэнд