top banner
Шуурхай мэдээ

Монгол, Хятадын банк хоорондын уулзалт болж байна.


2017-07-27 16:04:13
Монгол, БНХАУ-ын банкны салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх зорилго бүхий “Монгол, Хятадын банк хоорондын долоо дахь удаагийн дугуй ширээний уулзалт” өнөөдөр эхэллээ.

Энэ сарын 28-ныг дуустал үргэлжлэх энэхүү уулзалтаар хоёр орны төв банкууд мөнгөний бодлогоо танилцуулж, мөнгөн тэмдэгт харилцан солилцох талаар голлон хэлэлцэж байгаа юм. Энэ сарын 06-нд Монголбанк, БНХАУ-ын Ардын банк хооронд байгуулсан 15 тэрбум юанийн своп хэлцлийн хугацааг 2020 он хүртэл сунгасан. Хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа тогтмол өсч байгаа юм.
 
Монгол банкны дэд ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн “Хоёр орны худалдааг ихэвчлэн ам.доллараар хийдэг. Тиймээс Монгол, БНХАУ-ын худалдааг төгрөг, юаниар явуулдаг болоход своп хэлцэл чухал үүрэг гүйцэтгэнэ. БНХАУ-ын 2 ч банк Монгол Улсад төлөөлөгчийн газраа ажиллуулж байгаа. Албан ёсоор салбараа нээгээгүй. Гадаадын банк Монгол Улсад салбар нээх асуудлыг зохицуулсан хууль эрх зүйн орчин манайд байхгүй. УИХ-ын удахгүй Арилжааны банкны тухай хуулийн төслийг хэлэлцэнэ” гэлээ.

БНХАУ-ын Ардын банкны Олон улсын харилцааны газрын Захирал Ай Минг, “Хоёр талын хамтын ажиллагаа санхүүгийн салбарт амжилттай хөгжиж байгаа. Энэ удаагийн уулзалтаар хоёр орны банкууд харилцан салбар байгуулах, банк хоорондын валютын арилжааг нэмэгдүүлэх чиглэлд санал солилцох юм. БНХАУ-ын санаачилгаар хэрэгжиж байгаа Бүс ба Зам хөтөлбөрийн хүрээнд санхүүгийн салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх боломж улам бүр нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

Сэтгэгдлүүд  
АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Мэдээний сэтгэгдэлд montsame.mn хариуцлага хүлээхгүй.

Монгол брэнд